Засгийн газар “Эрдэнэт”-д  онцгой дэглэм тогтооно гэдэг нь үйлдвэрийн удирдлагаас 49 хувийнхныг зайлуулна гэсэн үг

2019-03-06

“Эрдэнэт” үйлдвэр дээр онц байдал зарлахаар  Засгийн газраас шийдсэн гэдгээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Тэгвэл Онц байдал зарлана гэж юу гэсэн үг вэ?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдээлснээр “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмэт” дээр зургаан сарын онц байдал зарлаж байгаа бөгөөд Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн уг шийдвэрийг гаргажээ.

1991 онд  баталсан Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйл:

1.Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай.

2.Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино:

1/үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох;

2/ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;

3/хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох, өөрчлөх;

4/үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох;

5/Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг тухайн үйлдвэрийн газар, байгууллага дээр түр зогсоож, хяналт тогтоох;

6/тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;

7/онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагын хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах;

8/онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээний болзлыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалагч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу гэрээг цуцлуулах;

9/улсын захиалга, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд тухайн үйлдвэрийн газар, байгууллага, түүний эрх баригчдад хүлээлгэх эдийн засгийн болон захиргааны хариуцлагын арга хэмжээ тогтоож хэрэглэх;

10/хүн амын хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ховор олдоцтой барааг хуваариалах, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх тусгай журам тогтоож, тэдгээр барааг дамлан худалдах, шунахай зорилгоор их хэмжээтэй нөөцлөх зэргээр дотоод зах зээлд барааны хомсдлыг зориуд бий болгохтой тэмцэхэд чиглэгдсэн захиргааны урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон хариуцлагын арга хэмжээ тогтоон хэрэглэх.

Эл хуулийн заалтыг үндэслэн Засгийн газрын гаргасан шийдвэрээс харвал “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын эрх мэдлийг Засгийн газар өөртөө авч, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөө томилон, тэдгээр төлөөлөгч нь удирдлагын эрх мэдлийг бие даан хэрэгжүүлэх ажээ. Мөн Засгийн газар,УИХ-д сард нэг удаа тайлангаа тавьж байх юм байна. Улмаар тусгай журам тогтоон ажиллах аж. Тухайлбал, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Баясгалангийн ярьснаар бол,  үйлдвэрийн зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх, удирдах ажилтнуудыг шинээр томилж, өөрчлөх, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл дээр эрхтэй болох, цуцлах, цуцлахдаа нөгөө талын эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэр гаргах гэх мэт ажлыг хийх аж.

Нэгэнт Засгийн газар онцгой эрхтэй болж байгаа учраас “Эрдэнэт” үйлдвэр дэх 49 хувийн төлөөллийн эрх мэдэл алга болж байгаа юм байна. АН-ын үед “Эрдэнэт”-ийн захирлаар ажилласан Ц.Даваацэрэнгийн үед тус үйлдвэрийн бараг бүх газар,хэлтсийн дарга нарыг 49 хувийн төлөөллөөс томилжээ. МАН 2016 онд засгийн эрхэнд гараад Х.Бадамсүрэнг ерөнхий захирлаар томилсон ч нэг ч даргыг хөдөлгөж чадаагүй гэдэг. Х.Бадамсүрэн захирлын удирдлагад байгаа гэх нэртэй ч ерөнхий захирлынхаа шийдвэрүүдийг гацаах, олон нийтэд цацах зэрэг ажлыг л хийж иржээ.

Тиймээс энэ эгзэгтэй үеийг тааруулан Засгийн газар эрх мэдлээ авахаар онцгой  нөхцөл тогтоов. Мөн шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн бүрэн эрх хүчингүй болоод байгаа. ТУЗ-д Засгийн газар буюу 51 хувь талаас ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэд нар байдаг бол 49 хувь талаас Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар  нар байдаг юм.

Т.Саруул (www.gereg.mn)

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ