• АН-ын удирдлагад байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ж.Батзандан нар гүтгэлэг тараасан гэв

    АН-аас өнөөдөр хэвлэлийн Бага хурал хийлээ. Тэд төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан гэх хэрэг, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүдийн хамгаалалт дор барьцаанд тавьсан зэрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлэн хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн мэдэгдлээ.

     Тэд АН-ын удирдлагад байсан, АН-ын гишүүнээс МАН-ын гишүүн болсон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ж.Батзандан нар мэдэгдэл хийж, гүтгэлэг тараасан гэв.

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдлийн талаар “Н.Алтанхуягтай үл ойлголцсон асуудал байхгүй. Тэр хүн л буруугаар ойлгосон юм шиг байна. Н.Алтанхуяг намын даргын сунгаанд оролцож ялагдчихаад би ялагдвал бид бүгд ялагдана гэсэн байр сууриар өш хонзонгийн байдлаар хандаж байгаад АН-ын олон зуун жирийн гишүүд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Удахгүй хийсэн мэдэгдлийнхээ төлөө АН-ын гишүүдээс уучлалт гуйх байх гэж итгэж байна” гэлээ.

    АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “МАН өнөөдөр албан ёсоор 64, албан бусаар 66 суудалтай болсон. Гэтэл ажил хийхэд АН саад болж байна гэж ярьж байна. Ийм суудалтай нам ажил хийж чадахгүй бол өөр хэн хийх юм бэ. Сар бүр хэвлэлээр ярьдаг шигээ шударга ёсоо тогтоо, хий хоосон популизм хийж, асуудал дээр давс цацаж иргэдийг турхирахаа боль. Бүлгийн дарга хийж байгаа Д.Эрдэнэбаттай холбоотой байр суурь байсан, АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой мэдээлэл байгаагүй. Хэрэв тухайн үед гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн бол хэн ч байсан хариуцлага тооц. АН-ын гишүүн гээд бид өмгөөлөхгүй, хариуцлага тооц. АН-ын дарга байна уу, цэрэг байна уу, жирийн гишүүн байна уу хамаагүй, шударга ёсыг талд бид байх болно. АН ямар ч хулгай, луйврыг хамгаалахгүй, ард түмний эрх ашгийг нэгт тавих болно” гэв.

    Мөн “Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга цагдаа, хууль, шүүхийн ажлыг хийгээд байна. Л.Оюун-Эрдэнэ гэмт хэргээр дагнан ажиллах хүсэлтэй бол ЦЕГ-ын дарга эсвэл Улсын ерөнхий прокурор болгомоор дүр зураг харагдаж байна. Хэн нэгэн албан тушаалтан орой бүр хүмүүсийг яллаж болохгүй. Шүүхээр гэмт хэрэг хийснийг тогтоогоогүй байхад ингэж яллаж болохгүй. Яллах ажил Л.Оюун-Эрдэнэд их зохиж байх шиг байна. Тиймээс эрх баригч нам Л.Оюун-Эрдэнийг АТГ, УЕП-ын даргаар тавибал дээр харагдаж байна” хэмээн ёжиллоо.

    АН хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй, өмгөөлөхгүй тул АН-ын жирийн гишүүд популистуудын гүтгэлгийн бай биш гэдгийг хэвлэлийн хурлаар дамжуулан хариуцлагатай мэдэгдэж байна гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ