• “Овоолсон шороо”-г “Тавантолгой төмөр зам” компанид хүлээлгэн өгнө

    2019-03-06

    Өчигдөр “Монголын төмөр зам” компанийн ТУЗ хуралдан Тавантолгой, Гашуун сухайт төмөр замын дэд бүтцийн ажилд хийсэн аудитын дүнг хэлэлцэн, одоо байгаа эд хөрөнгө болон дэд бүтцийн ажлыг “Тавантолгой төмөр зам” компанид хүлээлгэн өгөх талаар ярилцжээ.  Тэгвэл өмнөх өдөр нь Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Өмнөговьд ажиллан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай, “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, цаашид анхаарах зүйлсийг албаны хүмүүст үүрэг болгосон. Ийнхүү салбарын сайд газар дээр нь ажилласны маргааш нь “Монголын төмөр зам” ТӨХК төслийн явцад хийсэн доод бүтцийн ажил болон кэмпүүд дээрх холбогдох эд хөрөнгийг “Тавантолгой төмөр зам” компанид хүлээлгэн өгнө гэдгээ “Тавантолгой төмөр зам” компаниас мэдээлсэн.

    Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай, “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, цаашид анхаарах зүйлсийг албаны хүмүүст үүрэг болгов

    Аудитын дүнгээр, 276 сая ам.долларын эд хөрөнгийг хүлээлгэж өгөх бөгөөд ажил хүлээлцсэнээр төмөр замын төслийг үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэжээ.

    “Тавантолгой төмөр зам” компанийг өнгөрсөн жилийн наадмын өмнөх өдөр байгуулахаар Засгийн газрын тогтоол гаргасан байдаг. Ингээд “Монголын төмөр зам”-ын мэдэлд байсан төмөр замын хөрөнгийг шилжүүлэхээр болсон юм.Энэхүү компани өнгөрсөн 12 дугаар сард гүйцэтгэх захиралтай болж ажил нь явж эхлээд эдүгээ ийнхүү хөрөнгөө авах ажиллагааг эхлүүлж байгаа аж.

    “Тавантолгой төмөр зам” компани бичиг баримтаа бүрдүүлж, мөн төв оффисын болон замын хэсэг гэсэн гурван чиглэлээр ажил хүлээлцэх хэсэг гарган төмөр замын ажлыг сарын хугацаанд хүлээн авах гэж байна. Тавантолгой төмөр замын гол хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК байх юм.
    Тус компани Засгийн газрын 242-р тогтоолд зааснаар, төмөр замын ажлыг үргэлжлүүлэх хөрөнгө гаргах үүргийг хүлээж байгаа. Одоогоор төмөр замыг 30 сард барьж дуусгах боломжтой гэсэн ерөнхий төлөвлөгөөтэйгөөр, ерөнхий гүйцэтгэгчээр Монголын компани, туслан гүйцэтгэгчээр гадаад, дотоодын компаниуд оролцон ажиллахаар болж байгаа гэнэ.

    Энэхүү Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замыг барих тухай УИХ-ын тогтоол 2010 онд гарсанаас хойш 9 дэх жилдээ орж байна. Гэтэл хийсэн ажил тун чамлалттай. Өнөөгийн байдлаар, Тавантолгойн төмөр замын дэд бүтцийн ажилд 280 сая ам.доллар зарцуулаад байгаа. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон А.Гансүх нарыг сайд байхад нөгөө “шороо овоолсон” гээд байдаг асуудал л даа. Гэхдээ аудитаар газар шорооны ажлын 80 хувийг, гүүр, ус зайлуулах хоолойн ажлын 50 хувийг хийсэн дүн мэдээтэй байгаа аж. Өнгөрсөн гурван жилд төмөр замын ажлыг хийгээгүй. Мөн үерийн улмаас зарим газар далан сэтэрсэн, хилийн огтлолын цэг зөрсөн зэргээс болж өмнө нь гаргаад байсан ТЭЗҮ-г өөрчлөхөөр болж буйг албаныхан мэдээллээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэл нүүрсийг экспортод гаргах боломж бүрдэх юм.

    Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ийнхүү Зам тээврийн сайдын гэхээсээ илүүтэй Уул уурхайн сайдын ауил болж байна. Учир нь Тавантолгойн асуудлыг Уул уурхайн яам хариуцдаг билээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК төмөр замын компанийн 51 хувийг эзэмшиж байгаа бол 49 хувийг нь хэн эзэмших нь өдий хүртэл тодорхойгүй л байна. Харин сайд Д.Сумьяабазарыг Ерөнхийлөгчтэй ойр харилцаатай учраас Тавантолгойн төмөр зам буцаад “Женко”-гийн мэдэлд очлоо гэх хардлага ч байна.

    Г.Самбаа (www.gereg.mn)

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ