• “Шарк Танк”-ийн 18 настай оролцогч Б.Базарваань:14 настайдаа цэнхэр цүнхээ үүрээд л эмээгийндээ ирж байлаа

    Avatar

    gereg

    2019-03-06

    Өнгөрсөн долоо хоногийн “Шарк Танк” нэвтрүүлгээс  18  настай Батмөнхийн Базарваань  “Ногоон Өрөм” ХХК-ийнхаа 20 хувийг шаркуудад санал болгож, 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон. Үе тэнгийнхнээ манлайлж өөрийн бизнестэй болсон түүнтэй уулзаж ярилцлаа.

    Эхлээд өөрийгөө танилцуулаач?

    -Намайг Батмөнхийн Базарваань гэдэг. Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн. Сумдаа есдүгээр ангиа төгсөөд 2014 оны наймдугаар сарын 29-нд 10 дугаар ангид сурах гээд ирсэн ч  элсэлт нь дүүрчихсэн байсан. Тиймээс   давхар мэргэжил эзэмшээд 10 жилийн гэрчилгээгээ ч авчихна гэж бодоод  Механик инженерийн их сургуулийн харъяа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсэж орсон. Ингээд хүнд машин механизмын засварчин, оператор гэсэн мэргэжлээр 2.5 жил суралцаж, 2017 оны нэгдүгээр сард төгссөн. Одоо ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн хоёрдугаар курсэд Уул, уурхайн машин тоног төхөрөөмжийн инженер мэргэжлээр суралцдаг. Онц сурвал хоёр жилийн дараа төгсөнө.

    -Анх нийслэлд гэр бүлийнхэнтэйгээ хамт ирж байв уу?

    -Ганцаараа ирсэн. Цэнхэр цүнхээ үүрээд л Орбитын шинэ эцсээс нэлээн дээшээ яваад Баянголын аманд  байдаг эмээгийндээ ирж байсан. Эмээ надад их сайн. Тухайн үед автобусны буудал руу 20 минут, Саппоро руу автобусаар нэг цаг, тэндээсээ Ган хийц-Нарангийн голд суугаад 30 минут явдаг явж сургууль дээрээ очдог байсан.

    -Яагаад заавал хүнд машин,механизмын инженер мэргэжлийг сонгон суралцаад байна вэ?

    -Би өөрөө техникт их дуртай. Бас манай аав, ээж хоёр хоёулаа Говь-Алтай аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Алтай-хүдэр” ХХК-д ажилладаг. Уг нь бол малчин хүмүүс л дээ. Аав маань анх худгийн оператороор ороод, дэвшсээр байгаад хэлтсийн дарга хүртлээ ажилласан.

    -Одоо хэнтэйгээ хамт амьдардаг вэ?

    -Одоо эхнэр, хүүгийн хамт Хүннү Мall-ийн тэнд “Шинэ өргөө” хотхонд амьдарч байна. Шинэ хүнтэй болох гээд шинэ байранд орсон. Манай эхнэр Анагаахын их сургуульд сурдаг.

    -Байраа яаж авсан бэ. Лизингэд хамрагдсан уу?

    -Аав, ээж хоёр маань авч өгсөн.

    -Нууц биш бол эхнэртэйгээ хэрхэн танилцсан түүхээсээ хуваалцаач?

    -2014 онд хөдөөнөөс орж ирээд л, фэйсбүүк хэрэглэж эхлээд фэйсбүүкээр анх   танилцаж байсан. Гэхдээ фэйсбүүкээр танилцсан болохоос эхнэрийнхээ зургийг тэр бүр тавиад байдаггүй. Миний хувийн амьдралын талаар миний фэйсбүүкт миний эхнэрийн ганц л зураг байгаа. Орос руу хэлний бэлтгэлд яваад надаас хол байж чадахгүй юм байнаа гээд буцаад ирсэн. Удахгүй эхнэр бид хоёрын дөрвөн жилийн ой болох гэж байна. Миний хувьд гэр бүл маань яг л миний төлөвлөснөөр явж байгаад их сэтгэл хангалуун байлаг. Би эхнэр, хүүхэддээ маш их хайртай.

    • Ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

    -Их олон хүмүүсийн хүлээлт намайг хүлээж байна. Одоо манай “Ногоон өрөм” компани модны  зөвхөн нүхийг ухдаг байсан бол ирээдүйд тарьцыг нь суулгаад, усалгааг нь хийгээд өгдөг бүрэн цогц үйлчилгээ хийдэг болохыг зорьж байна.

    -Анх яаж энэ бизнесээ эхлүүлэхээр шийдсэн бэ?

    -Би ч яг ийм юм болно гэж бодоогүй. МСҮТ-ийн хоёрдугаар курсэд сурч байхдаа   “Залуу зохион бүтээгч” улсын уралдаанд оролцсон. Уралдаанд орох гэж анх энэ модны нүхийг стандартын дагуу ухдаг төхөөрөмжөө гурван сарын хугацаанд хийж байсан. Төхөөрөмж маань амжилттай болж, зурагтаар гарснаас хойш модны нүх ухах захиалгууд ирэх болж амьдралд нэвтэрсэн. Дараа нь 2016 оны 12 дугаар сард Хан-Уул дүүрэгт болсон Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжилттэй “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-т “Ногоон өрөм” төслөөрөө оролцож түрүүлсэн. Тухайн үедээ би 16 настай, хамгийн бага нь байсан. Ер нь бол эдгээрээс үндэслээд өөрийн гэсэн юмаа байгуулах шаардлагатай юм байна гэж ойлгосон.  Гэвч насанд хүрээгүй байсан учраас хүлээж байгаад 2018 оны 7 дугаар сарын 10-нд насанд хүрээд компаниа байгуулсан.

    -Өөрийн бизнестэй байхын хамгийн гоё зүйл нь юу вэ?

    -Завгүй байх гоё.

    -Хэцүү,бэрхшээлтэй зүйл юу байна вэ?

    -Зөндөө л юм байна шүү/инээв/. Яг төхөөрөмжөө хийж байх үед  машингүй, мөнгөгүй гээд л, дээрээс нь мэдэхгүй зүйлүүд их гарч ирдэг байсан.  Монгол улсын инженер Н.Ганболд зөвлөх багшаасаа, багшийн маань шавь Аръяа ахаасаа их зөвлөгөө авдаг.

    -Яагаад заавал модны нүх ухдаг төхөөрөмж гэж…Өөр юм бүтээж болоогүй гэж үү?  

    -Манай багш надад “Зохион бүтээгч хүн гэдэг чинь нэг юмаа л сайжруулаад явах хэрэгтэй” гэж хэлж байсан. Нэгэнт л эхэлчихсэн хойно зориг шулуудаж, түүнийхээ төлөө явж эхэлсэн.

    -Шарк Танк нэвтрүүлэгт орсны учир…?

    -Нэгдүгээр улирлын нэвтрүүлэгт нь ормоор байсан боловч хөдөө элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэж байсан учраас орж чадаагүй. Энэ зун Баянзүрх хайрханыг ойжуулах ажилд оролцож, хашааны шонгийн нүх ухаад зав бага байсан учраас   ордог ч юм уу, больдог ч юм уу гээд их эргэлзсэн. Гэхдээ эцэстээ надад алдах юм байхгүй, санхүүжилт авахгүй юмаа гэхэд өөрийнхөө хийсэн юмыг олон хүмүүст түгээе гэсэн зорилготойгоор орохоор шийдсэн.

    • Шаркуудаас авсан 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаараа юу хийхээр төлөвлөөд байна вэ? 

    -30 саяар 20 хувь гэхээр компани 150 сая төгрөгийн үнэлгээтэй болчихож байгаа. Өмнөх дугааруудыг үзэхэд компани үнэлгээгээ 2.5 тэрбум зэргээр  их хөөрөгдөж байгаа мэт санагдаж байсан. Тийм учраас аль болох хөрсөн дээрээ буух хэрэгтэй гэж бодсон учраас яг өөрт хэрэгтэй экскаватор авахад шаардалагатай 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүссэн. Одоо бол  экскаватор  авах судалгаагаа хийж байна. Миний бүтээсэн төхөөрөмжийг экскаваторын нэмэлт гэж ойлгож болно. Урд талынх нь шанагыг аваад өөрийнхөө төхөөрөмжийг суурилуулаад модны нүх ухна. Хувь хүний хувьд болоод бизнесийн хувьд намайг нэг биш дөрвөн шарк дэмжсэнд нь маш их баярлаж байгаа. Үнэнч, хариуцлагатай байвал ганцхан үүгээр биш цаашид хамтарч ажиллах олон төсөл, хөтөлбөр нээлттэй байгаа гэж харж байгаа.

    -“Ногоон өрөм”-ийн ойрын зорилго нь юу вэ?

    -Олсон ашгаараа нэг экскаватор, төхөөрөмжийнхөө тоог 5, 6 болж нэмэгдүүлмээр байна.

    Үе тэнгийнхэндээ юу гэж хэлмээр байна?

    -Өөрийгөө завгүй байлга гэж хэлмээр байна. За байз, жаахан бодоодхоё/инээв/. Манайхан PC тоглох, фэйсбүүк ухах зэрэг дэмий юманд цагаа их зарцуулдаг харагддаг. Би бол цаг алдчихгүйн тулд хурдан алхаад л, гүйгээд л явдаг. Цагийг үр дүнтэй өнгөрүүлээрэй, нэг юмандаа тууштай бай л гэж хэлмээр байна.

    -Өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?

    -Би бусад амжилтанд хүрсэн хүмүүсээс мотиваци авах дуртай. Хиймээр байгаа зүйлээ, боломжгүй санагдсан ч дэвтэр дээрээ бичээд л явдаг. Дараа нь харахад боломжгүй, миний чадал хүрэхгүй гэж бодож байсан зүйлүүд маань биелчихсэн байдаг.

     

    Ярилцсан: Г.Сүрэн

    Холбоотой мэдээ