• АН-ын ҮБХ-нд экс дарга З.Энхболд тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүн асангууд олноороо нэр дэвшжээ

    АН-ын Үндсэн дүрмийн дагуу дотоод сонгуулийг товлож, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн эргэлтийн сонгууль буюу ротаци хийхээр зарлаад байна. Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүний бүрэн эрх дөрвөн жил байх бөгөөд ҮБХ-ны гишүүний суудалд төрийн сонгуулийн өмнөх жилээс бусад жилд Дотоод сонгуулийн хорооноос тогтоосон хуваарийн дагуу эргэлт /ротаци/-ийн сонгууль явуулна гэж заасан байдаг. Үүний дагуу сонгуулийн өмнөх жил ротаци явуулж, ҮБХ-ны гишүүдээ шинэчилж байна.

    Тус намын дүрэмд зөвхөн Үндэсний бодлогын хорооны гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн заалт үйлчилдэг учраас 2019 онд хийгдэх ротаци чухал үүрэгтэй ажээ.

    Ротацийн бүртгэлийг гуравдугаар сарын 3-7-ны хооронд хийхээр зарласан аж. Энэ удаагийн ротацид нэр дэвшсэн хүмүүс дунд УИХ-ын болон АН-ын дарга асан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн болон Эрдэнэс Тавантолгойн захирал асан Я.Батсуурь, УИХ-ын гишүүн болон Эрчим хүчний сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн болон ХХААХҮ-ийн сайд асан Р.Бурмаа, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан “Оюуны Ундраа”-гийн С.Отгонбаяр, УИХ-д нэр дэвшиж байсан Ш.Адьшаа, О.Отгонсайхан, Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга асан Ж.Цэсэн нар нэр дэвшин өрсөлдөж байна.

    З.Энхболдын хувьд Баянгол дүүргээс нэр дэвшиж байгаа. Харин Ж.Цэсэнгийн хувьд эмэгтэйчүүдийн квотод Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж байна. Ж.Цэсэнгийн нөхөр нь ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.

    Эрчим хүчний сайд асан М.Сономпил мөн Дархан-Уул аймгаас ҮБХ-нд нэр дэвшиж байна. 2016 оны тавдугаар сард МҮАН-аас гарч, Ардчилсан намын гишүүн болсон. УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа Хан-Уул дүүргээс нэр дэвшиж байна.

    АН-ЫН ҮБХ-НЫ ГИШҮҮДЭД НЭР ДЭВШИГЧИД:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ