АНУ-д тоглолтын тасалбарын дундаж үнэ өрхийн орлогын 0.15 хувьтай тэнцдэг бол Монголд 8.04 хувьтай тэнцэж байна  

2019-03-05

Тасалбарын үнэ нь тухайн уран бүтээлчийн зах зээл дээх үнэлгээ, тухайн тоглолтын  хэрэгцээ шаардлага,нийт суудлын тоо зэрэг хүчин зүйлүүдтэй салшгүй холбоотой.

Сүүлийн үед дэлхий дахинаа алдаршиж буй Өмнөд Солонгосын BTS хамтлагийн 2018 оны Америк дахь анхны аялан тоглолтын тасалбарын үнэлгээг авч үзвэл  265 ам.доллараас  эхлээд  VIP  хос суудал л гэхэд  8060 ам.доллар хүртэл байв.  Лос Анжелес хотноо  есдүгээр сарын  5-ны  тоглолтын тасалбарын үнэ 265 ам.доллар байсан бол  есдүгээр сарын 29-ний өдрийн тоглолтын VIP хос тасалбарын үнэ Stubhub.com дээр 8060 ам.доллараар зарагдсан байдаг.

2018 онд BTS хамтлагийн гаргасан  Love Yourself:Answer альбомын 2,227,627 хувь борлуулагдсан нь,  мөн Billboard жагсаалтад долоод жагссан зэрэг нь  тус хамтлагийн зах зээл дээр ямар үнэлгээтэй байгааг харуулна. Тэдний АНУ-д хийсэн тоглолт улсын  эдийн засагт экспортын орлогыг нэмэгдүүлж,улмаар Солонгосын энтертейнмент компаниудын хувьцаа огцом өссөн нь тэдний үнэт цаасны зах зээлд ч нөлөөтэй болохыг харуулна.  Мөн сонирхуулахад, BTS-ийн харъяа Big hit entertainment энэ жил IPO хийж нэг  триллон вонны хөрөнгө оруулалтыг босгохоор төлөвлөөд байна.

АНУ дахь тоглолтын тасалбарын үнэ

Statista.com дээр мэдээлснээр АНУ дахь  тоглолтын тасалбарын дундаж үнэ 2011 онд 78.33 ам.доллар байсан бол 2018 оны хамгийн сүүлийн улирлын байдлаар 15.98 ам.доллараа нэмэгдэж 94.31 ам.доллар болсон үзүүлэлттэй байна.

Манай улсын хувьд тоглолтын тасалбарын үнэ хэд байдаг вэ?

Урлагийн салбарын статистик мэдээлэл олдоц багатай байдаг учраас хамгийн ойр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зохион байгуулагдах гэж байгаа тоглолтуудын тасалбарын  үнийг авч үзье. Цахим тасалбар худалдааны ticket.mn-ээр Мартын-8-ны  хэдэн ширхэг  тасалбар борлуулагдсан тухай мэдээлэл хайсан ч тийм нэгдсэн мэдээлэл гардаггүй аж.

Манайд “Март-8”-ныг тохиолдуулан тоглож буй тоглолтын тасалбарын дундаж үнэ 2019 онд 89 363 төгрөг байна. Click To Tweet

Гуравдугаар сарын 7,8-ны өдрүүдэд Best hits, “Сүүн аялгуу”, “Бүсгүй танаа”, “Миний сайхан ээжүүд”, “Хайр”,”Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй танд”, “Хайр гэж”, “Увертюра”, “Гэргий” зэрэг  тоглолтууд зохион байгуулагдана. Үнийн хувьд “Мартын 8”-ны тоглолтууд  15 000-300 000 төгрөгийн  хооронд хэлбэлзэж байна.   Улсын филармониос зохион байгуулж буй Морин хуурын чуулга-Баянмонгол биг бэндийн “Бүсгүй танаа” тоглолтын тасалбарын үнэ хамгийн хямд буюу 15 000 төгрөг байгаа бол Камертон хамтлагийн Aurug Place-т зохион байгуулагдах “Хайр” тоглолт 300 000 төгрөгийн  үнэтэй байна.  “Хурд” хамтлагийн “Зураг шиг бүсгүй” тоглолт 150 000 төгрөг, “Никитон”, “Хурд”, “Соёл-Эрдэнэ”, “Өргөө” хамтлаг болон дуучин Болд, Наран нарын хамтарсан Best hits тоглолт 80 000 төгрөг, “Увертюра” хамтлагийн тоглолт 100 000 төгрөгийн  үнэлгээтэй байна.

Тоглолтын тасалбарын үнийг өрхийн сарын дундаж орлоготой харьцуулбал:

Америк гэр бүлийн өрхийн сарын дундаж орлого 2018 оны 6 дугаар сарын байдлаар 62,175 ам.доллар байв.

Монгол гэр бүлийн өрхийн сарын дундаж орлого 2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1,110,983 төгрөг байв. Энэ нь 421.7 ам.доллартай тэнцэнэ.

2018 оны байдлаар АНУ-д болдог  тоглолтын тасалбарын дундаж үнэ болох 94.31 ам.доллар нь өрхийн сарын дундаж орлогын 0.15 хувийг эзэлнэ. Харин Монголд хамгийн ойр болох тоглолтуудын дундаж үнэ 89 363 төгрөг байгаа нь  Монгол өрхийн сарын дундаж орлогын 8.04 хувь юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ