• Шүүгч нас барсантай холбогдуулан УИХ-ын гишүүд 461 дүгээр хорих ангид ажиллажээ

    ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид түр саатуулагдаж байсан Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаа амь насаа алдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Н.Оюундарь нар тус ангийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

     

    УИХ-ын гишүүд Урьдчилан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж гарч ирээд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    УИХ-ын гишүүн Н.Оюундарь: “Хүний эрхийн дэд хорооны гишүүнийхээ хувиар Цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаа, тус ангид талийгаач Л.Бямбааг нас барсан хэрэгт холбогдуулан  ШШГЕГ-аас хорих ангийн найман албан хаагчид хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн байна. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж буй учир бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Өнөөдрийн байдлаар 900 түр хорих байранд байна. Үүнтэй холбогдуулан нэг албан хаагч 100 гаруй камерыг хянадаг. Энэ бол нэг хүнд хүндэдсэн ажил юм гэдгийг харлаа. Камерын байршил маш жижиг харагддаг. Камер хянагчийн ажлын ачаалал их гэсэн үг.

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол тухайн хэргийг мэдэхгүй. Түр хорих л үүрэгтэй байгууллага. Шөнийн 03.00 цагт талийгаачийг энд авчирсан юм байна. Хорьсоны маргааш өглөө 11.00 цагийн үед мөрдөн байцаалтад гаргах шаардлагатай гэдэг үүднээс гаргасан байна” гэлээ.

    УИХ-ын гишүүн Л.Болд: “Хорих ангийн удирдлагуудтай уулзсан. Хуулийн байгууллагынхан тайлбараа өглөө. Ажлын зохион байгуулалт ажилчдын ачааллыг зохицуулах шаардлага байна. Найман хүнд хариуцлага тооцоод өнгөрч болохгүй. Энд хүний эрхийн цоо шинээр асуудлыг авч үзэх болсон байна. Хүнийг хорьж, барьж залхаадаг тогтолцоог халах цаг нь болсон. Таван жилийн өмнө Д.Амарсайхан агсан шалгагдаж байгаад энд амиа алдсан. Түүнээс хойш хоёр ч хүн энд хоригдох үедээ эрүүл мэндийн шалтгаанаар шалгагдаж байгаад амиа алдсан. Өнөөдөр жил зургаан сар шалгагдаад асуудал нь шийдэгдээгүй хүмүүс байна. Хорих байгууллагад хүний эрхийн нөхцөл байдлыг шинээр ярих зайлшгүй шаардлага байна. Хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил бол амиа алдах. Энэ бол маш том дохио. Мөсөн уулын орой цухуйж байна. Биднийг өмнө ажиллаж байхад  энд 500 хүн л байдаг байсан өнөөдөр 1000 хүн байна. Хүнийг олон хоногоор барьж, хорьдог залхаадаг хууль, хяналтын байгууллагын ажлын арга барил хуучин цаг үе рүү гээ орсон байна” гэсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ