• Эх орны төлөө орчин үеийн шаардлагаар ажиллахыг л эх оронч гэнэ

    2019-03-01

    Өнөөдөр Монголд  анх улстөрийн нам байгуулагдсан гуравдугаар сарын 1, Эх орончдын өдөр тохиож байна. Энэ өдөрт “Эх орончдын” гэх тодотголыг 2004 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн  тухай хуулиар өгчээ.  Арванхоёрдугаар сарын 10-ныг “Ардчилал,хүний эрхийн өдөр” болгох заалтыг дээрх хуульд оруулахаар 2004 онд АН-ынхан санаачилсан ба үүнтэй барьцсан тухайн үеийн МАН-ынхан эл өдрийг хуульд оруулахаар санаачилж, хоёр нам нэг өдөр нэг, нэг өдрийг өмчилж авсан түүхтэй. Ардчиллаасаа ухарсан АН-ынхан арванхоёрдугаар сарын 10-ны Ардчиллын өдрөөр өөрсдийгөө “ардчилсан” гэж нэг тунхагладаг бол эх оронч бус явсаар ирсэн МАН-ын удирдлага энэ өдөр мөн өөрсдийгөө “Эх оронч” гэж зарлаж иржээ. Угтаа бол эх оронч ба ардчилсан байх нь  нэг зоосны хоёр тал бөгөөд нийлж нэгдэж гэмээнэ жинхэнэ НАМ болох билээ. Тэгвэл өнөөдөр “Эх орончдын өдөр”-өө тэмдэглэж буй МАН-ын удирдлагад жинхэнэ эх орончид хэр олон байна, ардчилал бас байна уу?!

    Эх оронч гэж цээжээ дэлдсэн болгоныг хэлэхгүй шиг “Эх орончдын нам”-д дарга хийхээрээ л эх оронч  болчихдоггүйг дээрх 2004 оноос хойш өнөөг хүртэл МАН-ын удирдлагад байсан  М.Энхболдоос харж болно.Хоёр ч удаа МАН-ын дарга,Монгол Улсын Ерөнхий сайд, удаа дараа УИХ-ын гишүүн,УИХ-ын дарга, дэд дарга зэрэг алба хаших замаа эхэлсэн М.Энхболд даргын тэр оргил үе МАН “Эх орончдын өдөр”-тэй болсон цаг хугацаатай давхцдаг нь сонин. Түүний засаглалын энэ жилүүдэд МАН эх орноо мандуулаагүй, намаа ардчилаагүй, эсрэгээр нам дамжсан бүлэглэлийн хөлд сөхрүүлсэнийг өнгөрсөн хэдэн сарын (өнөө ч тэмцэл үргэлжилж байгаа нь харагдана) улстөрд өрнөсөн үйл явцаас бид  хангалттай мэддэг болсон. Гэвч М.Энхболдын эрин нэгэнт дуусч байна.

    Харин одоо “Эх орончдын нам”-ын бүх эрх мэдэл, төрийн эрх мэдэл, нийслэл  тэр чигээрээ У.Хүрэлсүхэд шилжээд байна.

    Монгол Ардын Нам хэмээх үнэт зүйл, үзэл бодлын нийлбэр, түүхэн цаг үедээ жинхэнэ утгаар эх орон,тусгаар тогтнолын баталгаа байсан Ардын нам 100 жилийнхээ босгон дээр унасан нэр хүндээ сэргээж, эв нэгдлээ хангаж, бүх намд тулгарсан боловсон хүчний гажуудал, ардчиллын үнэт зүйлийн эсрэг гэмээр зарим хямралаа гэтлэж чадах уу?

    МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын улстөрд нүүрлэж, тэндээс  нийгмийн бүх салаа мөчир лүү салбарлан халдварлаж, хууль ёс, ёс суртахуун, хүний үнэт зүйлийг нурааж буй шударга бус байдалтай тэмцэхээр ханцуй шамлан, санасандаа ч хүрч байна.

    Хийж буй бүхэн нь нийгмийн захиалга,ард түмний аястай нийцэж буй учир У.Хүрэлсүх өнөөдөр эх оронч дүр яах аргагүй мөн.Засгийн газрын төвшинд зориглон,эрч хүчтэй хөдөлгөсөн том төслүүд,тухайлбал,цэвэрлэх байгууламж,нефтийн үйлдвэр, утааг арилгах гэх мэт том ажлуудаа бүрэн эрхийн хугацаандаа бодит болговол эх оронч дүр нь улам тодрох нь мэдээж.Гэхдээ шударга ёс, бүтээлч санаачлагыг ялангуяа Ардын намын дотоодод байнгын механизм, ардчилсан хэв маяг болгомоор байна.

    Зуун жилийн өмнөх эх оронч үзэл,өнөөдрийн эх оронч үзэл хоёрын утга агуулга ижил боловч ахуй дүр ангид ондоо. Click To Tweet

    Монголд улстөрийн шинэчлэл явагдаж,улмаар тэр нь төрд очиж байж 30 жилийн алдаа завхрал засагдана. Улстөрийн шинэчлэлийг МАН дотроосоо хийж чадвал орчин үеийн ЭХ ОРОНЧ ДҮР жинхэнэ утгаар тодрохын зэрэгцээ эх орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй хэрэг болно.Үүнд чухалчлан анхаарч,ажил хэрэг болгож чадвал У.Хүрэлсүх  орчин үеийн жинхэнэ ЭХ ОРОНЧ болно. Түүнээс бус “Эх орончдын нам”-ын дарга байлаа гээд эх оронч болчихгүй. Эх орны төлөө орчин үеийн шаардлагаар ажиллахыг л эх оронч гэнэ. Click To TweetТом ажлыг хийхэд жижиг эрх ашгууд байнга чөдөр болж байдаг. МАН-ыг нам биш болгох шахсан өмнөх удирдлагын явцуу эрх ашиг У.Хүрэлсүхийн үед бүү давтагдаасай гэж Ардын намынхан анхааран харж байгаа. Эрх мэдэл,албан  тушаалыг ашиглах, явцуу эрх ашигтаа үйлчлүүлэх өөр нэг жижиг МАНАН У.Хүрэлсүхийг тойрч бэхжих вий гэсэн болгоомжлол ч бодитой байгаа нь нууц биш. Тойрон хүрээлж байгаа хүмүүстээ шударга,нийтэч,нийгэмч байх, орчин үеийн эх орны шаардлагад нийцсэн эх оронч байх шаардлагыг тавьж чадвал МАН 100 жилийн ойгоо бардам угтаж чадна.

    Эцэст нь дахин хэлэхэд эх орны төлөө орчин үе,ирээдүйн заагт ажиллахыг л эх оронч гэхээс өнгөрсөн түүхээ сануулсан төдийхнөөр эх оронч болохгүй!!!

    Т.Үлэмж

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ