• Бизнесийн хамгийн том байгууллага МҮХАҮТ МАН-аас АН-д шилжив

    Avatar

    Самбаа Г

    2019-03-01

    Өчигдөр Монголын бизнесийн хамгийн том байгууллага болох  Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 20 дугаар Их хурал 600 гаруй төлөөлөгч оролцон нэлээн сүр дуулиантай болж өнгөрлөө. Хурлынхаа нээлтийг нээлттэй сэтгүүлчдийг оруулан хийсэн ч намууд шиг хөөгөөд гаргачихав. Улстөрийн намууд л дотоод асуудлаа бусдаасаа нуух зорилгоор сэтгүүлчдийг хуралдаа оруулалгүй хаалттай хийдэг. Тэгвэл бизнесийн байгууллага ийнхүү хурлаа хаалттай хийсэн нь хэл ам дагуулсан явдал боллоо. Өмнө нь уг байгууллагын хурал ийм их хэл амтай болдоггүй байсан санагдана.

    Мөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид 5 хүн нэр дэвшсэн нь ч урд өмнө болж байгаагүй явдал. Нэр дэвшигчдээс “Өгөөж”-ийн хэмээх Г.Түмэнгэрэл нэрээ татаж бусад 4 нь өрсөлдсөнөөс “UFC”-гийн О.Амартүвшин олонхийн санал авч танхимын ерөнхийлөгч болов.

    О.Амартүвшин нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тус дэмээр ийнхүү МҮХАҮТ-ын дарга болсон тухай яриа сонсогдож байна.

    О.Амартүвшин нь MCS компанийн “Спирт бал бурам”, Мобиком зэрэг компаниас ажлын гараагаа эхлүүлж, 23 настайдаа маркетингийн албаны захирал болсон.

    25 настайдаа 2005 онд хувийн бизнесээ эхлүүлж, “UFC” группыг байгуулсан. Ингээд тухайн үеийн МАХН/МАН-ын залуустай дөрөө нийлүүлж явсан байдаг. МАН-ын Бага хурлын гишүүн хүртэл байсан тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн АН-д элссэн билээ.

    Түүгээр ч тогтохгүй УИХ-ын сонгуульд АН-аас Булган аймагт нэр дэвшин өрсөлдсөн юм. Тухайн үед АН-ын дарга З.Энхболд, түүний найз Х.Баттулга нар О.Амартүвшинг дэмжсэн гэдэг. Харин энэ удаа тэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид түүнийг дэмжсэн бололтой.

    Харин МАН-ын гишүүд тухайлбал тус намын Бага хурлын гишүүн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан “Урбанек”-ийн Б.Лхагважав нар “Ард”-ын Ч.Ганхуягт шавар хаасаар бүгд ялагдсан нь энэ.

    О.Амартүвшин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа “Аятайхан зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь, дөрвөн жилийн өмнөхөөс огт урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс 10 гаруй байраар ухарчихлаа. Бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй” гэж тайлбарласан байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.