• Б.Лхагвасүрэн:Биржийг дэлгүүр, хувьцааг дэлгүүрийн бараа гэж ойлгож болно

    IPO буюу Initial Public Offering гэдэг нь хөрөнгийн зах зээлд компани анх удаа хувьцааг худалдаалах замаар санхүүжилт босгох процесс юм. Өөрөөр хэлбэл, компани хувьцааныхаа тодорхой хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татан  төвлөрүүлэх, хөрөнгө оруулагчид  компанийн ашгаас хувь хүртэх боломжийг нээж өгдөг санхүүгийн харилцаа юм.

    Сүүлийн 2 жилийн хугацаанд компаниуд үнэт цаасны зах зээлд IPO болон SPO хийх замаар шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ татан төвлөрүүлж, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд Хорооноос 2017 онд 2, 2018 онд 5, гадаад улсад бүртгэлтэй 1 компанийн үнэт цаасыг бүртгэж, анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг олгосон.

    Ялангуяа санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхэлдэг даатгалын болон санхүүгийн шинэ техник технологийг нэвтрүүлэгч банк бус санхүүгийн байгууллагууд хувьцаа олон нийтэд санал болгон санхүүжилт татах сонирхол нэмэгдэж байгааг онцлох нь зүйтэй юм.

    2019 оны 1 дүгээр сарын байдлаар Хорооноос хүнсний салбарын болон төлбөр тооцоо, санхүүгийн шинэ технологийн 2 компанийн хүсэлтийг тус тус хянаж байна.

    IPO гаргах үйл явц болон түүнтэй холбоотой зарим асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

    IPO гаргах үйл явц  ямар үе шатуудыг дамждаг вэ?

    Хөгжиж буй болон хөгжингүй орнуудын туршлагаас үзэхэд олон нийтэд үнэт цаас гаргах ажиллагаанд оролцогч, гаргах ажиллагаа, түүнд тавих хяналт зохицуулалт нь нэгдсэн нэг стандар жишиг ажиглагддаг бөгөөд үнэт цаас гаргахыг хүсэгч компани юуны түрүүн андеррайтерийн компаниа сонгож гэрээ байгуулах, андеррайтерийн компаниас зүгээс үнэт цаасны танилцуулгыг бэлтгэх, санхүүгийн тайлагнал, үнэлгээ, хууль зүйн дүгнэлтүүдийг гаргуулан олон нийтэд санал болгох нэгж үнийг тодорхойлж, арилжаа эрхлэх болон төрийн зохицуулагч байгууллагуудад бүртгүүлэн зөвшөөрөл авах ажиллагаа хийгддэг.

    Төрийн зохицуулагч байгууллага болох СЗХ-оос үнэт цаас гаргах зөвшөөрөл авсны дараагаас олон нийт болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдад үнэт цаасаа танилцуулах, тэдгээрийн захиалгыг авах, анхдагч зах зээлийн арилжаа эхлүүлэх ажиллагааг гүйцэтгэдэг.

    Манай орны хувьд дээрх процессийн ажиллагааг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хорооны үнэт цаасны бүртгэлийн журмаар нарийвчлан зохицуулж өгсөн байдаг бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж хууль тогтоомжоор үнэт цаас гаргагч, андеррайтерийн компаниуд нь үнэт цаасны танилцуулгыг бирж рүү  хүргүүлдэг. Бирж танилцуулга материалыг судалж үзээд тухайн үнэт цаасыг арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэгдлээ гэсэн дүгнэлт бүхий албан бичиг ирснээс хойш манай Хорооны ажил эхэлдэг.

    Үнэт цаас гаргагч,  андеррайтерийн компанийн бэлтгэсэн үнэт цаасны танилцуулга болон хөндлөнгийн дүгнэлт гаргасан үнэлгээ, аудит, хууль зүйн зөвлөгөө үзүүлэх компаниудын гаргасан дүгнэлтүүдийг, аудитын газраас хийгдсэн хөндлөнгийн дүгнэлтийг холбогдох хууль, дүрэм, журам, олон улсын стандартад заасан шаардлагыг хангаж буй эсэхийг нягтлан шалгаж, үнэн зөв ирүүлсэн эсэх дээр нэг бүрчлэн хянаж, танилцуулга бэлтгэн Хорооны хуралдаанд танилцуулах зарчмаар ажилладаг.

    -Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийн хорооны хурлаар шийдвэрлэгдэх хүртэл хэр хугацаа шаардлагатай байдаг вэ?

    -Бүх үйл явц хуулиар хянагдаж явдаг. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар зохих шаардлага хангасан, бүрдэл бүрэн хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор хянаж бүртгэх эсвэл татгалзсан үндэслэл бүхий шийдвэрийг гаргахаар заасан байдаг.

    Хууль, журмын дагуу бичиг баримт шаардлага хангахгүй тохиолдолд бүртгэхээс татгалзах  шийдвэр гаргахаар заасан байдаг. Гэхдээ хорооноос татгалзсан хариу авсан тохиолдолд үнэт цаас гаргагч компани нь 1 жилийн дотор дахин хүсэлт гаргах эрхгүй болдог учраас материалын бүрдэл дээр асуудал гарахад бид аль болох шууд хаалт тавихгүйгээр дахин  засварлан ирүүлэх боломж олгодог.

    -Шаардлага хангасан бүрдэл гэдэг нь ямар шаардлагыг хангасан байна гэсэн үг вэ?

    -Үнэт цаасны бүртгэлийн журамд заасан бичиг баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв, хууль журамд заасан шаардлагыг хангасныг бид бүрдлийн шаардлага хангасан гэж үздэг.  Энэхүү журамд үнэн, бодит байх, олон улсын стандарт хангасан байх, үнэлгээ, хууль, аудитын дүгнэлт зөвлөмжийг тайландаа тусгасан байх, компанийн сайн засаглалтай байх гэх мэт шалгуур үзүүлэлтүүд орсон байдаг.

    -Нэгж хувьцааны үнийг хэрхэн тогтоодог вэ. Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоох уу, эсвэл компани өөрөө саналаа ирүүлэх үү?

    Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар үнэт цаас гаргагч компанийн хувьцааны нэгж үнийг төлөөлөн удирдах зөвлөл тогтоохоор заасан бөгөөд үнийг тогтохдоо Хороонд бүртгэлтэй хараат бус хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг дүгнэлтийг үндэслэхээр заасан байдаг. Тэгэхээр үнэлгээний компанийн гаргаж буй дүгнэлт нь үнэт цаас гаргагчийн хувьцааны нэгж үнийг гаргахад туйлын ач холбогдолтой баримт юм.

    -Бүрдэл нь таван материалаас бүрддэг гэж ойлголоо. Тэгвэл энэхүү дүгнэлтийг гаргаж өгөх компаниа хэрхэн сонгодог вэ?

    -Андеррайтер болон хөндлөнгийн дүгнэлт хийх үнэлгээ, аудит, хуулийн компаниудаа сонгон шалгаруулалтаар, эсвэл  IPO гаргах чиглэлээр хийж байсан ажлын туршлагаар нь сонгон,талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хамтран ажилладаг.

    2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаар хөрөнгийн зах зээлд үйлчилгээ үзүүлэх эрхтэй аудитын 56, хуулийн 25, үнэлгээний 23 компаниуд ажиллаж байна. Үнэт цаас гаргагч компани мэдээж өндөр үнэлгээтэй байхыг хүснэ. Тэрнийх нь дагуу худал үнэлгээний дүгнэлт гарвал зах дээрээс авч байгаа худалдан авагчид буюу хөрөнгө оруулагч хохирно.  Эдгээр компаниудын гаргаж өгсөн дүгнэлтэнд л хөрөнгө оруулагч итгэж мөнгөө оруулах учир ажлаа маш хариуцлагатай, ёс зүйтэй, үнэн бодитоор хийх ёстой.

    -Яагаад андеррайтер компани хамгийн чухал вэ?

    -Андеррайтерийн компани энэ IPO-г гаргаж байгаагаар нэг ёсондоо аав нь л болж байгаа гэсэн үг. Хүүхдээ хөлд оруулаад, гүйлгээд, хэн нэгэн хүн түлхэхэд унагахааргүй босгож өгөх ёстой. Click To Tweet

    IPO-г гаргасан андеррайтер компани үнэт цаас тогтворжих хүртэл санаа тавих ёстой боловч манайд бол гаргасан үнэт цаасныхаа хойноос хөөцөлддөг, бөөцийлдөг компани бараг байхгүй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-нд андеррайтер компаний үйл ажиллагааг тодорхой зааж өгсөн байдаг.

    Уг заалтад,”Үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, үнэт цаас гаргагчийн үнэт цаасны анхдагч зах зээлд худалдагдаагүй үлдсэн үнэт цаасыг андеррайтерийн гэрээнд заасан хэмжээгээр худалдаж авах зэрэг ажиллагааг андеррайтерийн үйл ажиллагаа гэнэ” хэмээн зааж өгсөн байна.

    Яг хуулийн дагуу бол андеррайтерийн компани нь үлдсэн үнэт цаасыг худалдаж авах өөрийн гэсэн бэлэн мөнгөн хөрөнгөтэй байх ёстой.  Зарагдаагүй үлдсэн тохиолдолд тухайн андеррайтер компани шууд авах ёстой. Андеррайтер нь өөрөө дилер, брокерийн эрхтэй учраас өөрийн баланс дээр авчихсан байгаа хувьцааг дараа нь хоёрдогч зах зээл дээр арилжаалах боломжтой.

    -Яг ямар компани ийм үйлчилгээг үзүүлдэг вэ?

    -Сүүлийн 3 жилийн хугацаанд манай андеррайтер компаниуд үүрэг хариуцлагаа ухамсарлан эх барьж авсан хувьцааныхаа өсөлт, бууралтад анхаарлаа хандуулан ажиллаж байгаа нь ажиглагдаж байна. Цаашид бүр илүү их анхаарлаа хандуулах байх гэж найдаж байна.

    -Ямар ч компани IPO гаргах боломжтой юу?

    -Андеррайтерийн компаниудын хувьд хүссэн болгонд нь IPO гаргах чиглэлээр хамтраад байдаггүй. Эхлээд өнгөрсөн хугацааны санхүүгийн тайлан баланс, түүхийг нь цаашлаад бизнес төлөвлөгөөг нь судалж үзэж байж шийдвэрээ гаргадаг. Хэн хүссэн олон нийтээс хөрөнгө оруулалт татах боломжгүй юм.

    Мэдээж IPO гаргах сонирхолтой маш олон компани байгаа ч, ямар компанийг олон нийтэд танилцуулах ёстой вэ гэдэг талаар андеррайтерийн компани, бирж болон Санхүүгийн зохицуулах хороо нь өөрийн гэсэн бодлоготой байх ёстой. Бидний  хувьд үнэт цаас гаргагч нь түүхэн үзүүлэлтүүд сайтай үндэсний үйлдвэрлэгчид байгаасай гэж хүсдэг.

    -Эдгээр компаниудын ажлын үнэ өртгийн хувьд хэд байдаг вэ?

    -IPO-оор хөрөнгө босгохын тулд мэдээж тодорхой хэмжээний зарлага гаргах шаардлагатай болдог. Жишээ нь 1 тэрбум төгрөг босгоно гэвэл  ойролцоогоор 50-100 сая төгрөгийг андеррайтерийн, аудитын, хуулийн, үнэлгээний компаниудад зарцуулна байх… IPO гаргахад нэг компани ойролцоогоор 3-6 сар ажилладаг бөгөөд үйлчилгээ үзүүлэгч компаниудын нэр хүнд боловсон хүчин, туршлага зэрэг нь ялгаатай байдгаас хамаараад үнэ өртөг нь ч өөр байгаа нь харагддаг.

    -Хөрөнгө оруулагчид буюу хувьцаа худалдан авагчид хувьцааг худалдах авахынхаа өмнө юуг анхаарч үзэх хэрэгтэй вэ?

    -Үнэт цаасны тухай хураангуй танилцуулга бол маш энгийн байдаг. Нэгж хувьцааны үнэ, тэдэн ажилтантай, тийм үйл ажиллагаа явуулдаг л гэсэн байдаг. Хөрөнгө оруулагч танилцуулгыг хараад нэгж хувьцааны үнэ 200 төгрөг юм байна, сарын дараа 250 болчихвол би зарна, 180 болчихвол зарахгүй гэсэн энгийн л юм боддог.

    Мэдээж 200 төгрөгөөр авчихаад 180-аар зарахыг хэн ч хүсэхгүй. Харин хэдий хугацаанд хүлээх шаардлагатай, энэ хугацаанд компани ямар үйл ажиллагаа явуулах бол гэсэн асуултанд хариулт авахын тулд үнэт цаасны танилцуулга, хуулийн болон… Click To Tweet

    Шинээр хөрөнгийн зах зээлд орж байгаа хүмүүст хэлэх ганц л зүйл бол сурталчилгаанд биш гол нь мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэнд итгээч ээ л гэж хэлмээр байна.

    IPO гаргах үйл ажиллагаа 2005 оноос эхэлсэн гэж үздэг. Тэгвэл энэ хугацаанд нийт IPO хийсэн компаниудаас хэд нь амжилттай, хэд нь амжилтгүй болж байсан бэ?  СЗХ-оос бүртгэхээр зөвшөөрсөн боловч хөрөнгө оруулалт татаж чадаагүй нь юутай холбоотой вэ?

    -2016-2019 онуудад IPO амжилтгүй болсон тохиолдол гараагүй байна. Харин 2006-2016 онуудад нийт 14 компани IPO гаргасан байдгаас 2-3 нь амжилтгүй болсон байдаг бөгөөд үүнд хөндлөнгийн байгууллагуудын дүгнэлтүүд асуудалтай, үнэт цаас гаргагчийн удирдлагын бүтэц, засаглал хангалтгүй байсан нь нөлөөлсөн болвуу.

    -Бирж болон СЗХ-ны тус тусын үүрэг юу вэ?

    -Бирж гэдэг  нь үндсэндээ дэлгүүр гэсэн үг.   Дэлгүүрийн эзэн дэлгүүр дээрээ тухайн үнэт цаасыг арилжаалахыг зөвшөөрсний дараагаар Хороон дээр чанарыг нь илүү нарийвчлан судалдаг гэж ойлгож болно. Хороо нь биржийг чанартай үнэт цаасыг зах зээлд гаргах үйл ажиллагааг хангахын тулд ажилладаг. Click To Tweet

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ