
Швейцарийн Органик хөдөө аж ахуйн судалгааны газар FiBL дэлхийн 181 орны органик тариаланд хийсэн сүүлийн үеийн судалгаанаас үзвэл, 2017 он дэлхийн органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бас нэгэн шинэ түүхийн гараа болсон аж. Дэлхийд органик тариалангийн талбай ихээр нэмэгдэж, органик үйлдвэрлэгчдийн тоо, органик жижиглэн худалдааны хэмжээ бүгд нэмэгдэж, түүхэн шинэ рекорд тогтоосон байна.
Зах зээлийн судалгааны Ecovia Intelligence компани дэлхийн органик хүнсний бүтээгдэхүүний зах зээлийг 97 тэрбум ам.доллар буюу 90 орчим тэрбум евро хүрсэн гэж төсөөлсөн аж. Үүнд, органик хүнсний бүтээгдэхүүний хамгийн том зах зээл АНУ бөгөөд зах зээлийн хэмжээ нь 40 тэрбум евро, дараа нь Герман, Франц, Хятад улс орж, зах зээлийн нийт хэмжээ нь тус тус 10 тэрбум, 7.9 тэрбум, 7.6 тэрбум евро байна. 2017 онд маш олон зах зээлд органик хүнсний бүтээгдэхүүний зах зээл хоёр оронтой тоогоор өсөж, Францын органик хүнсний бүтээгдэхүүний зах зээл 18 хувиар нэмэгджээ. Швейцарчууд органик хүнсний бүтээгдэхүүнд хамгийн их буюу 2017 онд хүн нэг бүр дунджаар 288 евро зарцуулжээ. Данийн органик хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн эзлэх хэмжээ хамгийн өндөр, тус улсын хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн ерөнхий хэмжээний 13.3 хувийг эзэлсэн байна.
2017 онд дэлхийн органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид 2.9 саяд хүрсэн. Энэтхэг улс хамгийн олон буюу нийт 835.200 үйлдвэрлэгчтэй. Дараа нь Уганда, Мексик улс бичигдсэн бөгөөд үйлдвэрлэгчдийн нийт тоо тус тус 210.352 ба 210 мянга юм. 2017 оны эцсийн байдлаар, дэлхийн органик тариалангийн талбай нийт 69.8 сая га хүрсэн нь 2016 оныхоос 20 хувиар буюу 11.7 сая гагаар нэмэгдэж, түүхэнд хамгийн их өссөн үзүүлэлт болжээ.
Австрали бол хамгийн том органик хөдөө аж ахуйн бүстэй орон, нийт талбай нь 35.6 сая га. Дараад нь Аргентин, Хятад улс орсон бөгөөд нийт тус тус 3.4 сая, 3 сая га талбайтай. Австралийн органик аж ахуйн тариалангийн талбай ихээр нэмэгдсэн тул дэлхийн органик хөдөө аж ахуйн газар ашиглалтын тал хувь нь Австрали ба далайн орнуудад төвлөрч, 35.9 сая га талбайтай болжээ. Дараа нь Европ тив 21 хувийг эзэлж, нийт 14.6 сая га талбайтай, Латин Америк тив гуравт орсон нь 11.5 хувийг эзэлж, нийт 8 сая га талбайтай, олон тивийн органик тариалангийн талбай бүгд зохих хэмжээгээр нэмэгдсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй