• Талийгаач Л.Бямбаагийн хэргийн газрын үзлэгээс гэрээслэл олдсон гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ

    ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан шүүгч амиа алдсан асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ.

    Шүүгч Л.Бямбааг АТГ-аас Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хахууль авах, өгөх хэрэгт бүлэглэн оролцсон хэмээн 48 цаг саатуулсан. Гэвч тэрбээр 48 цаг дуусахаас өмнө нас барсан хэрэг гарсан юм. Холбогдох албаныхан түүнийг амиа хорлосон хэмээн мэдээлсэн. Харин ар гэрийнхэн нь амиа хорлоогүй, амиа хорлох хэмжээний сэтгэл зүйтэй хүн ч биш хэмээн мэдэгдэж буй.

    Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал,  Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Баатар, Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр нар мэдээлэл өглөө.

    Хэргийн талаар Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр, “2019 оны хоёрдугаар сарын 24-ны 00.15 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд ШШГЕГ харьяа цагдан хорих 461 дүгээр ангид баривчлагдсан байсан 68 настай эмэгтэй Л.Бямбаа нас барсан талаарх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийг санаатай алсан, захиалгаар хөнөөсөн гэх мэдээлэл цацагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийж, бүх талаас нь тодруулж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар  цагдан хорих 461 дүгээр ангийн камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж авсан, одоогоор хяналтын камерын бичлэгт үзлэг шалгалт хийгдэж байна. Амь хохирогчийн үхлийн шалтгаан болон хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд мөрийн баримтуудыг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр өгсөн. Одоогоор дүгнэлт гараагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг бүх талаас нь бүрэн бодитой, хурдан шуурхай явуулах тал дээр анхаарч ажиллаж байна” гэв.

    Талийгаачийн холбогдсон авилгалын хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчдийг шалгаж байгаа эсэх талаар Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Баатараас тодруулахад,  “Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас хууль зөрчсөн эрүүдэн шүүсэн, ШШГЕГ-ын албан хаагчдаас хариуцлага алдсан гэх асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбогдуулан, холбогдох шалгалтын ажиллагааг нь хийж байгаа” гэлээ.

    Мөн хэргийн газрын үзлэгийн явцад талийгаачийн гэрээслэл олдсон тухай мэдээллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс үзвэл талийгаачийг хүүгээ энэ хэрэгт буруугүй хэмээн гэрээслэл үлдээсэн гэж мэдээлж байгаа билээ.Түүнийг Салхитын мөнгөний ордын хэрэгт шалгаж байсан бол хүүг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн нэгээр АТГ-аас шалгаж байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ