• Япон улс бүх автомашиныхаа 80 орчим хувьд автомат тоормосны систем суулгажээ

    Японы хэвлэлийн мэдээлснээр, сүүлийн үед автомат тоормосны систем дэлхийн автомашины үйлдвэрлэлийн халуун сэдэв болжээ. Япон улс энэ салбарт дэлхийд тэргүүлж, 2017 онд үйлдвэрлэсэн Япон автомашины 77 хувьд автомат тоормосны систем (AEBS) суулгасан бөгөөд Японы засгийн газар 2020 он гэхэд энэ үзүүлэлтийг 90 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

    2-р сарын 12-нд НҮБ-ын Европын эдийн засгийн комиссоос гаргасан мэдэгдэлд “НҮБ-ын гаргасан автомат тоормосны системийн дүрмийн төслөөр Европын холбоо, Япон зэрэг 40 улс орон, бүс нутаг санал нэгдсэн юм. Төсөлд шинээр үйлдвэрлэх суудлын автомашин, бизнес хэрэглээний тээврийн жижиг автомашинд автомат тоормосны систем суулгаж, замын хөдөлгөөний ослоос сэргийлэхийг эдгээр улс орон бүс нутгийнхнаас шаарджээ.

    Японы эдийн засгийн сонины мэдээлснээр, одоо Европын автомашины 30 орчим хувьд нь автомат тоормосны систем суулгасан бөгөөд АНУ-д автомашины үйлдвэрлэлийн нөхцөл байдал өөр өөр байна. 2017 онд борлуулалт харьцангуй багатай Tesla компани АНУ-д хамгийн олон автомат тоормосны систем суулгасан автомашины брэнд болжээ. АНУ-ын үндэсний авто замын тээврийн аюулгүй байдлын газар автомашины 20 үйлдвэртэй санал нэгдэж, 2022 оны 9-р сар гэхэд шинэ автомашин бүрд автомат тоормсны систем суулгах зорилт тавьсан байна.

    Япон улс арав гаруй жилийн өмнөөс автомат тоормосны системийг судлан хөгжүүлсэн бөгөөд 2018 оны 10-р сарын эцсээр автомат тоормосны систем суулгасан Тоёота машин 10 саяд хүрчээ. Японы автомашин үйлдвэрлэгчид автомат тоормосны систем хурдтай тархах боломжийг ашиглан зах зээлээ эзлэхийг хүсэж байгаа бөгөөд энэ технологио автомат жолоодлоготой автомашинд хэрэглэх юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ