• Т.Аюурсайхан: Ц.Пүрэвтүвшин өөрийн эзэмшлийн хувьцаагаа 112 тэрбум төгрөгөөр зарах гэсэн

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Эрдэнэт үйлдвэр ХК-ийн 49 хувийг худалдан авсан “Монголын Зэс” ХХК өөрийн эзэмшлийн хувиа Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан эсэх талаар асуулт тавьсан асуултад ирүүлсэн хариутай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ.

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэр бүхий таван гишүүн Эрдэнэт үйлдвэрийн хувьцаатай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүдийн асуултын хариуг албан тоотоор ирүүлсэн.

    Монголын зэс ХХК-ийн зүгээс гишүүдийг үндэслэлгүй мэдээлэл тараасан, гүтгэсэн гэсэн. Гэтэл 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монголын зэс ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байна. Ингэж хандахдаа нийт хувьцаагаа Сингапур улсад бүртгэлтэй Эрдэнэт корп PTI лимитэд компанид бүртгүүлэх хүсэлт бүхий 88 хуудас албан бичгийг хүргүүлсэн. Сингапурт бүртгэлтэй компанийн эзэмшигч нь мөн иргэн Ц.Пүрэвтүвшин байгаа юм.

    Өөрөөр хэлбэл, Монголын зэс ХХК нийт хувьцаагаа мөн өөрийн эзэмшлийн компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Ингэж гаргахдаа хоёр ААН-ийн хооронд гэрээ байгуулсан.

    Гэрээнийхээ 1.1-д нийт хувьцаагаа 112.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн. 41 сая 999 мянга 535 ам.доллараар үнэлж худалдаалахаар заасан байна. 2016 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Монголын зэс ХХК-ийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэх урьдчилгаа төлбөр болгож 80,326 сингапур доллар, 17-ны өдөр 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд Сингапурын компаниас шилжүүлсэн дансны хуулгыг өргөдөлдөө хавсаргасан байсан.

    Тэгэхээр өмнө нь мэдээлж байсан нэр бүхий гишүүдийн мэдээлэл бодит болох нь үүгээр нотлогдож байна.

    Мөн иргэн Ц.Пүрэвтүвшингийн энэхүү хүсэлт нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд үл нийцэхийг Улсын бүртгэлийн байгууллаас мэдэгдсэн байгаа. Ц.Пүрэвтүвшингийн гол хүсэлт нь нь нийт хувьцаагаа Сингапурын компанид шилжүүлэх байж. Бүртгэлийн байгууллагаас иргэн Ц.Пүрэвтүвшингийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн. Өнөөдрийн байдлаар дахин хүсэлт гаргаагүй байгаа. Одоогоор Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд байгаа” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ