• 25 жилээ дүгнэе:З.Энхболд үнэхээр зөвлөв үү, нүдэнд нь аргал хөдлөв үү

    2019-02-27

    Улстөр дэх шинэ үе Л.Оюун-Эрдэнэ өмнөх жилүүдийн өмч хувьчлалыг шалгая гэв. Харин өмнөх өмч хувьчлалуудын гол “эзэн” З.Энхболд шалгах хэрэггүй гэв. 

    Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өмнөх хувьчлалуудыг судлах шалгах ажлын хэсэг байгуулж, үүрэг даалгавар өгсөн. Тэрбээр хувьчлал анх эхэлснээс хойших 27 жилийг дүгнээд цааш явья хэмээн мэдэгдсэн билээ.Зөвхөн өмч хувьчлал гэлтгүй ер нь Монгол улс бүхэлдээ өмнөх 25 жилдээ дүгнэлт өгөөд цааш урагшлая. Олон улсад 25,25 жилээ дүгнээд алдаа,оноон дээрээ цаашдын 25 жилийн хөгжлийн бодлогоо тодорхойлоод явдаг практик бий хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ярьж байгаа.

    Өмнөх өмч хувьчлалыг шалгах ажлын хэсгийн уулзалтын үеэр Л.Оюун-Эрдэнэ, 1992 онд хийсэн хувьчлалын үеэр төрийн өмчийн 928 обьектийг хувьчилсан. Цэнхэр, ягаан тасалбар тараасан үйл явц шударга бус болсон, эрх мэдэлтэй хэдхэн хүний хамаарал бүхий компаниуд авсан асуудлыг шалгах шаардлагатай гэсэн билээ. Тиймээс төрийн өмчөөс хувьчилсан 928 обьектод шалгалт оруулж, дүнг Засгийн газар, УИХ-д танилцуулах ажлын хэсэг байгуулсан. Засгийн газрын хувьд өмнөх өмч хувьчлалдаа дүгнэлт хийж байж цаашаа буюу  2018-2020 онд  өмч хувьчлах асуудлыг ярих нь зүйтэй гэсэн билээ.

    Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Л.Оюун-Эрдэнэ сайдад нүүр номоороо дамжуулан нэгэн зөвлөгөө өгсөн нь шуугиан дэгдээлээ. Click To Tweet

     З.Энхболд:

    28 жилийн өмнөх танай намын Ерөнхий сайд  (Бямбасүрэн 1990-92, Жасрай 92-96 он) хийсэн ягаан цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн “но” олоход хэцүү, чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно, чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн 3  жилийн “60 тэрбум”, ЖДҮ, “Эрдэнэт 51,  49 хувь  гээд шалгах ажил зөндөө байна.

    З.Энхболдын энэхүү зөвлөгөөг хүмүүс хоёр янзаар тайлбарлаж байна.

    Нэгд: ТӨХ-г 1996-1999 болон  2004-2005 онд хоёр удаа удирдаж, их  хувьчлалыг гардан хийсэн гол хүмүүсийн нэг учраас сандарч байна гэж дүгнэж байна.

    Хоёрт:  25 жил хувьчлалыг шалгаад шалгаад юм олоогүй байхад дахин шалгаж ажил удаж яах нь вэ гэсэн чин сэтгэлийн зөвлөгөө байх талтай хэмээн үзэж байна.

    З.Энхболдыг анх ТӨХ-ны дарга байх үед  улсын үйлдвэрүүдийн олонхи хувьд шилжсэн. Одоо ч үе үе яригддаг .Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга “Баянгол” зочид буудал болон “Махимпекс”, “Талх чихэр” зэрэг үйлдвэрүүдээ З.Энхболдын үед хувьчилж авсан билээ. Тэрхүү хувьчлалууд шударга болсон эсэхэд эргэлздэг хүмүүс цөөнгүй. Click To Tweet

    Өмч хувьчлалын эхний жилүүдэд Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн үйлдвэрүүд, Ноосны нэгдлийн үйлдвэрүүд хувьд очсон. Тэгэхдээ олонхийг нь ардчиллынхан тэр дундаа соцдекүүд авсан гэлцдэг.  Тэр үед соцдек угсааны “Молекул” хэмээх Б.Батбаяр “Гутлын үйлдвэр”, “Туул кашемир” үйлдвэрүүдийг, Р.Бадамдамдин “АШАШБҮ” буюу одоогийн “Мишээл экспо”, “Бөмбөгөр”-ийг, Н.Алтанхуягийн ах дүүс “Багахангайн мах комбинат”, “Хүнсний бөөний нэгдэл” гээд л олон үйлдвэр тэдний гараар орсон байдаг юм.

    Өмнөх жилүүдийн их хувьчлалуудын гол “эзэн” З.Энхболд юутай ч 27 жилийн хувьчлалыг шалгуулахыг хүсэхгүй байна. Мөн Л.Оюун-Эрдэнийн ажлын хэсэг байгуулсан явдлыг ерөнхийдөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамтарсан ажиллагаанд цэг тавихад хүргэх эрсдэлтэй болох тухай ч шуугиж эхэллээ. Залуу сайдын зоримог үйлдэл үнэхээр ч шуугиан тарилаа. Харин үр дүн нь юу байхыг одоо хэлэхэд эрт байна.

    Улстөр дэх шинэ үе Л.Оюун-Эрдэнэ өмнөх жилүүдийн өмч хувьчлалыг шалгая гэв. Харин өмнөх өмч хувьчлалуудын гол “эзэн” З.Энхболд шалгах хэрэггүй гэв. 

    Г.Самбаа (www.gereg.mn)

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ