• Их Британи Чагос олтригийг эзлэн колоничилж байгааг Гаагын олон улсын шүүх буруутгалаа

    Голландын Гаага дахь олон улсын шүүх 2-р сарын 25-нд, Энэтхэгийн далай дахь Чагос олтригийг Их Британи эзэлсэн нь хууль бус юм. Тус олтриг дахь эзлэн түрэмгийллээ эртхэн зогсоо гэсэн шийдвэр гаргажээ.

    Энэ нь олон улсын шүүхийн хэдэн сар шүүсний эцэст өгсөн лавлагааны чанартай санал юм. Энэ шийдвэр хуулийн хувьд хүчин төгөлдөр биш ч Их Британийн хувьд дипломат харилцааны ялагдал бөгөөд олон улс дахь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлнө гэж олон нийт үзэж байна.

    Чагос олтриг Маврикийгээс зүүн хойш 750 км зайтай Энэтхэгийн далайд оршдог юм. 1965 онд Их Британийн засгийн газар Маврикийн тусгаар тогтнолын угтвар нөхцөл болгож, тус улсыг албадан, 3 сая фунтээр худалдан авчээ. Түүний дараа Их Британи Чагос олтригийг хяналтаа авч, тэндэхийн иргэдийг хөөж, АНУ-ыг урин олтригийн хамгийн том арал болох Диего Гарсия дээр Америкийн цэргийн бааз байгуулсан юм.

    Одоо Их Британийн засгийн газар Чагос олтригийг Энэтхэгийн далай дахь өөрийн харьяа газар гэж нэрлэдэг. Өнгөрсөн жил Маврикий олон улсын шүүхэд өгсөн өргөдөлдөө: Их хэмжээний нутаг дэвсгэр болох Чагос олтригийг албадлагаар алдсан. Энэ нь 1960 онд баталсан колони орныг тусгаар тогтнохоос нь өмнө хагалан бутаргаж болохгүй гэсэн НҮБ-ын 1544-р тогтоолыг зөрчсөн үйлдэл юм гэжээ.

    Гаагийн олон улсын шүүхийн гишүүн нийт 14 шүүгчийн 13 нь Маврики улсыг колоничлолоос гаргах үйл явц бүрэн дуусаагүй гэж үзээд Чагос арлуудыг Их Британи нэн даруй шилжүүлж өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

    Дүгнэлтийг эсэргүүцсэн ганц шүүгч нь Америкийн шүүгч байгаа юм.

    Маврикийн засгийн газар “колоничлолыг төгсгөл болгож, хүний эрхийг дээдэлсэн, олон улсын хууль дүрмийг хүндэтгэсэн” шүүхийн дүгнэлтийг талархан хүлээж авсан байна.

    Уг маргааныг шийдвэрлэхэд голлох үүрэгтэй оролцсон Африкийн Холбооны хуульч Намира Негм “Өнөөдөр 21 дүгээр зуунд Африкийн зарим хэсэг Европын колони хэвээр байгаад итгэхэд бэрх” гээд Гаагын шүүх түүхэн шийдвэр гаргасныг сайшаажээ.

    Их Британи улс олон улсын хууль дүрмийг хүндэтгэдэг нөлөө бүхий улс орон мөн эсэхээ дэлхийд харуулах цаг ийнхүү иржээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ