• Инээмсэглэлтэй айдас

    Хүчээр инээж, түүнийхээ цаана жинхэнэ дүр төрх, айдсаа нуусан нэг хүн сүүлийн үед шударга царайлан элдвийг ярих болов. Мань хүн цагтаа улстөрийн гол хоёр нам дахь өөрийг нь дэмждэг нөхдүүд болоод хууль хяналтынхныг багцлан “шударга бусын хонгил” байгуулсан гэгдэж явсан этгээд. Монгол улсын Ерөнхийлөгчөөр хоёр бүрэн эрхийн найман жилийн хугацааг үдсэн энэ хүнийг Ц.Элбэгдорж гэдэг.

    Цагтаа тэрбээр  нийгмийг айдсаар айлган байж Ерөнхийлөгчийн суудлыг олж авч байв. Одоогоос 10 жилийн өмнө ардчиллын төлөө хамтран зүтгэгч  Э.Бат-Үүлийг бархируулан байж Ерөнхийлөгчид нэр дэвшиж байлаа. Энэ тухай  Ц.Элбэгдоржийг дэмжигч нийтлэлч Б.Баабар “Айдас” гэдэг нийтлэл бичиж байлаа. Тэрхүү нийтлэлд нийгмийн харилцаанд оролцож байгаа бүх хүмүүс айдастай байгаа тухай өгүүлсэн. Тэгвэл тэр айдас эдүгээ ч амь бөх оршсоор л байгаа. Ялангуяа Монголын улстөрийг МАНАН-туулж, “шударга бусын хонгил” байгуулсан хүмүүсийн тухайд өнөөдөр айдас   үнэхээр бодит байдал болоод байна.

    Өнгөрсөн оны сүүлчийн хоёр сард УИХ-ын даргаас М.Энхболдыг огцруулахаар тэмцсэн УИХ-ын гишүүд М.Энхболдыг Ц.Элбэгдоржийн хамт “Шударга бусын хонгил” байгуулсан хэмээн мэдэгдсээр ирсэн билээ.

    Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудын жилийн уулзалт дээр өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Тавантолгойг гадаадынханд 100 жилээр өгөх гэсэн хэргээр нь шалгахыг хүссэн. Тэгвэл үүний хариуд Ц.Элбэгдорж өөрийн гэсэн хэвлэлийнхнийг цуглуулан “Х.Баттулга бол хулгайч, тэр өөрийнхөө төмөр замын хэргийг надад үүрүүлэх гэж байна” гэж мэдэгдсэн. Харин өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн асуудлаар АТГ-аас Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудан байцаалт авлаа. Ц.Элбэгдоржийн хувьд аливаа юмыг шоу болгохдоо гаршсан гэдгээ нотлон “Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд”   хуулийн байгууллага руу очиж байгаагаа нийгмийн сүлжээгээр зарласан.

    Энэ бүхэн дээр манай дөрөв дэх /Өмнө нь Н.Энхбаяр өөрийгөө гуравдагч Ерөнхийлөгч гэж нэрлэж байсан шиг Ц.Элбэгдоржийн ойр хавийнхан түүнийг дөрөв дэх  Ерөнхийлөгч гэж бичих болсон/ Ерөнхийлөгч инээж, инээмсэглэж, тоохгүй дүр эсгэж  байгаа хэдий ч үнэндээ бол тэр айдастай байна. Тэрбээр “Миний тухай янз бүрийн зүйл их яригдаж байгаа ч т эр болгонд хариу өгөөд байвал айдастай байна гэж бодоцгооно” хэмээн ярьж байгаа нь үнэний хувьтай ч үнэмшил нэг л төрүүлэхгүй байна.

    Монгол улсад одоо ид яригдаж байгаа томоохон хэрэг, асуудал бүрийн цаанаас мань Ц.Элбэгдорж л тодорч харагдана. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалд гэхэд түүний хувь оролцоо байгааг өөрөө үгүйсгэдэг ч хэрвээ түүнгүй бол 49 хувийг авч чадах байсан гэвэл итгэх хүн ховор юм.

    Өөрөө ч үйлдлээрээ оролцоотой гэдгээ бараг баталсан. 2016 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн УИХ “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргах үед Ц.Элбэгдорж   УИХ дээр “хүний олон хүнээ барьдаггүй юм” хэмээн  бараг л уйлан дуугарч байсныг олон нийт харсан.  Түүнээс өмнө 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд байхдаа Тавантолгойн гэрээг гарын үсэг зуруулалгүй зогсоож байхад ч “үгээ” хэлж явсан нэгэн.

    Энэ бүхэн хэний тусын тулд байсан нь өнөөдөр улам бүр тодорсоор байна. ХХБ болон гурван үсэгтэй компани гэгддэг MCS хоёр сүүлийн 20 жил больё гэхэд 10 жилд Монгол улсад хэрэгжиж буй хамгийн том төсөл, хөтөлбөрүүд, хувьчлал бүхнийг авч ирсэн. Харин тэд том “ар”-гүй бол энэ бүхнийг хийхэд хэцүүг ойлгох хүн олон. Тэр “том ар” хэн гэдэг дээр маргах хүн ховор байх.

    Тэр бол цагтаа Улстөрийн товчооныхон тусгай дэлгүүрээр үйлчлүүлж, улаан номертой машин унаж, гадаадад амарч байна, шударга ёс алга хэмээн шүүмжилж ардчиллын төлөө явсан хүн.   Гэвч өнөөдөр Ц.Элбэгдорж хэн болов. Казино хэмээх мөрийтэй тоглоомын газарт 10, 20 мянган ногооныг гарын мөнгө хэмээн хаяж, дэлхийгээр зугаалж, эхнэрийнхээ буяны санд “Рио Тинто”-гоор 2 сая ам.доллар хандивлуулж яваа нэгэн. Түүний найзууд, дүү нарын тухай үүнээс том том асуудлууд дуулдсаар л.

    Том асуудлууд ар араасаа ундрах тусам  Ц.Элбэгдоржийн айдас нэмэгдэнэ. Түүний  оролцоотой албан тушаалд очсон хуулийн байгууллагын удирдлагууд солигдох гэж буй энэ цаг үед  бүр ч их айдастай байх нь мэдээж. Тэр инээмсэглэхийг хичээж байгаа ч айдастай  байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ