“Нэхмэлийн шар”-ын оронд баригдаж буй 16 давхар орон сууцны эхний ээлж ашиглалтад орлоо

2019-02-25

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар” гэх нийт 20 байрыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан. Уг төслийн хүрээнд баригдаж буй “Хан-Уул цогцолбор хотхон”-ы эхний ээлжийн 16 давхар орон сууцны барилгын ажил дуусч, нэхмэлийн 5-р байранд амьдарч байсан 27 айл байрныхаа түлхүүрийг өнөөдөр гардан авлаа.

2019 оны Хоёрдугаар сарын 25. ГЭРЭЛ ЗУРГИЙГ/MPA

 

 

2019 оны Хоёрдугаар сарын 25. ГЭРЭЛ ЗУРГИЙГ/MPA

2019 оны Хоёрдугаар сарын 25. ГЭРЭЛ ЗУРГИЙГ/MPA

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “УИХ-аас 2015 онд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хууль баталсан. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улс орон даяар орон сууцнуудад үзлэг, шалгалт хийсэн. Тус шалгалтаар улсын хэмжээнд 234 байр ашиглалтын шаардлага хангахгүй буулгах шаардлагатай, эрсдэлтэй байр гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр байраас Улаанбаатар 138, Хан-Уул дүүрэгт 44 барилга бий. Тэр дундаа 1, 2, 3 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 25 байр байна. Өнөөдрийн байдлаар дээрх 25 орон сууцнаас 22-т нь компаниуд нь шалгарч ажлаа эхлүүлээд явж байна. Бид иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс энэ мэт олон төслийг хийж хэрэгжүүлэх болно” хэмээв.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү“Улаанбаатар хотын хэмжээнд нийт 234 ашиглалтын шаардлага хангахгүй байр, орон сууц байна гэсэн тооцоо бий. Энэ нь 6300 гаруй өрхийн 20 гаруй мянган иргэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байна гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл 40 гаруй хувьтай явагдаж байна. Энэ төслийг үргэлжлүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Тэд нэгдмэл нэг санаа, бодолтой байж,  хэрэгжүүлэгч компанитайгаа хамтран ажилласнаар цаг хугацаа хэмнэж, байрандаа ороход асуудалгүй болно. Нийслэлийн зүгээс Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл”-ийг цаашид үргэлжлүүлнэ. Иргэдтэйгээ сайн ойлголцож, нэгэн хүслийн төлөө хамт зүтгэсэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, гүйцэтгэгч компани болох “Фүжи констракшин”-ий хамт олонд талархал илэрхийлье” хэмээн  ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ