• Тавин саяын сургалтын төлбөртэй  “Ulaanbaatar British” сургуулийн хувьцаа эзэмшигчдийн өмчийн маргаан шуугиан дэгдээжээ

    2019-02-24

    Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын сургуулиудаас хамгийн өндөр төлбөртэй “British School of Ulaanbaatar” сургуулийг үүсгэн байгуулагчид,хөрөнгө оруулагчид   өмч хөрөнгө,удирдах эрхээ булаацалдсан маргаан урд шөнө 23 цагийн үеэс эхлэн сошиалаар шуугиан дэгдээлээ.  Тус сургуулийн ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч Ц.Ариунаа фэйсбүүкээр лайв хийж, өөрийн үүсгэн байгуулсан сургуулиа  “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэлд дээрэмдүүлж байгаа тухайгаа уйлан байж ярьсан. Тэрбээр “Бид 7.5 сая ам.долларыг “Хас” банкнаас зээлж, энэ сургуулийг байгуулсан. Энэ сургуулийн 51 хувийг Ж.Оюунгэрэлд өгөхдөө би тэр хүнд итгэсэн. Ж.Оюунгэрэл намайг дараа нь ингэж дээрэмдэнэ гэж би бодоогүй. Өчигдөр 15.00 цагийн орчимд хорь, гучин хүн манай сургуульд орж ирээд багш ажилчдыг хөөсөн. Ямар ч шүүхийн шийдвэр гаргаагүй байхад хүч түрэмгийллээ. Иймээс төрийн гурван өндөрлөгт хандан тусламж хүсч байна” хэмээн ярьсан.

    Тус сургуульд ажилладаг ажилтны ярьснаар,баасан гаригт ажил тарах үед гадны 20-иод хүн орж ирж,багш, ажилчдыг хүчээр гаргасан байна. Түүнийхээр “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл тус сургуулийн 51 хувийг эзэмшдэг учраас удирдлагын эрхээ хэрэгжүүлэх гэж хүч хэрэглэсэн бололтой. Өөрөөр хэлбэл, “British School of Ulaanbaatar”-т хувьцаа эзэмшигчид өмчөө булаалдаж,шуугиан үүсгэжээ.

    Тус сургуулийг анх 2010 онд Х.Батжаргал,Ц.Амраа (Сургуулийн ТУЗ-ийн дарга гэгдэх лайв хийсэн Ц.Ариунаагийн ах), Ц.Ариунаа, Ж.Оюунгэрэл (“Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл) нар “Экоскүүл гарден” ХХК-ийн нэрээр хамтран үүсгэн байгуулж, захирлаар нь сая халагдсан гэх Х.Батжаргалыг томилсон бүртгэл Улсын бүртгэлд бүртгэгджээ. Гэхдээ хамгийн анх Ж.Оюунгэрэлийн нэр бүртгэлд бүртгэгдээд, дараа нь 2013 онд Ц.Амраа, 2014 онд Ц.Ариунаа, Х.Батжаргал нарын нэр хувьцаа эзэмшигч гэдгээр нэрс нь бүртгэгдсэн байна.

    http://opendata.burtgel.gov.mn/ вэб сайтаас авав.

    Тэд өнгөрсөн оны эхэн хүртэл хамтран үйл ажиллагаа явуулж байгаад өмч болон удирдах эрхээ булаалдаж эхэлсэн бололтой. 2018 оны дөрөвдүгээр сарын 5-нд хувьцаа эзэмшигчдийн хурал хийж,гүйцэтгэх захирлыг өөрчилжээ. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн гэх уг хуралд Ц.Амраа,Ц.Ариунаа,Х.Батжаргал нар ирээгүй учраас 51 хувийг эзэмшигч Ж.Оюунгэрэл дангаар шийдвэр гарган, Х.Батжаргалыг ажлаас чөлөөлж, оронд нь Б.Ерөөлтийг гүйцэтгэх захирлаар тавьжээ. Уг шийдвэр ХУД-ийн иргэний хэргийн шүүх дээр очиж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ж.Оюунгэрэлийн шийдвэрийг шүүх хэвээр үлдээжээ. Гэвч тус сургууль дээр Ж.Оюунгэрэлийн болон уг шийдвэрээ  баталгаажуулсан шүүхийн шийдвэр хэрэгжихгүй өнөөг хүрсэн байна.

     

    “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл гүйцэтгэх удирдлагын эрх мэдлээ бүрэн авахын тулд урд шөнийн тэмцлийг эхлүүлсэн бололтой.

    Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Экоскүүл гарден” ХХК-ийн тамга тэмдэгтэй мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд Х.Батжаргалыг захирлын ажлаа 10 орчим сар хууль бусаар гүйцэтгэж байгааг өгүүлжээ.Мөн Ц.Ариунаа өөрийгөө ТУЗ-ийн дарга хэмээн байхгүй бүтэц үүсгэн, дарга болсон гэсэн байна. Мөн сургуулийн үйл ажиллагаа хэвийн, цаашид Б.Ерөөлт гүйцэтгэх захирлын албыг хашна гэж мэдэгджээ. Б.Ерөөлт нь насаараа дипломат албанд ажилласан Баяртын хүү Ерөөлт ажээ. Нэгэнт асуудал үүссэн тул гэрээт харуул,хамгаалалтын ажилтан ажиллуулж байгаагаа ч мэдэгдэлд дурдсан байна.

    Гэвч эл мэдэгдэлд дурдсанчлан “British School of Ulaanbaatar”-ийн үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэлтэй гэж өөр нэг эх сурвалж өгүүлэв.Учир нь Монголын эздийн маргаанаас үүдэн халдлагын шинжтэй үймээн самуун гарсан нь  уг сургуульд ажилладаг гадаад багш нарыг түгшээжээ. Тиймээс тэд илүү тайван орчин бүрдүүлэхгүй бол ажиллах боломжгүй гэж эхнээсээ мэдэгдэж эхэлсэн гэнэ.

    Хувьцаа эзэмшигчдийн маргааныг таслах шүүх хурал ирэх сарын эхээр болох аж. ТУЗ-ийн дарга Ц.Ариунаагийн хэлснээр, анх сургуулийг байгуулахад 7.5 сая ам.доллар гарсан бөгөөд “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл тухайн үед 2.5 сая ам.доллар гаргажээ. Үлдсэн мөнгийг ХАС банкнаас зээлэхэд Ж.Оюунгэрэл баталгаа гаргаж өгсөн гэж өөр нэг эх сурвалж өгүүлэв. Гэвч Ц.Ариунаа нарын  зээл төлөлтөд зогсолт үүссэнээс асуудал үүссэн бололтой.

    Англи-Уэльсийн үндэсний хөтөлбөрөөр хичээллэдэг гэх уг сургуулийн жилийн төлбөр 10-20 мянган ам.доллар бөгөөд төлбөрөө ам.доллараар тооцож авдаг аж. Энэ нь одоогийн ханшаар бодоод үзэхээр 27 саяас 50 сая орчим төгрөг юм. Эл сургуульд УИХ-ын дэд дарга  Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Гадаад харилцааны сайд  Б.Цогтбаатар,  Төрийн соёрхолт дуучин Д.Болд зэрэг улстөр,бизнесийн баячуулыг  хүүхдээ сургадаг гэх мэдээлэл хэдэн жилийн өмнө хэвлэлээр гарч байв.

    Г.Саруул

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ