Цэрэгт амиа алдсан Б.Алтантулгын шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт одоог хүртэл гараагүй байна

Хугацаат цэргийн алба хааж байх үедээ амиа алдсан байлдагчдын талаарх албан ёсны мэдээлэл одоог хүртэл гараагүй байна.

“Зэвсэгт хүчний жанжин штаб”-ын харъяа Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336-р ангид  алба хааж байсан байлдагч Б.Алтантулга нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр амь насаараа хохирсон онц ноцтой хэрэг гарсан. Тухайн үед талийгаачийн биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр “гадны нөлөөгүй нас барсан” гэсэн дүгнэлт гарсан ч шүүх эмнэлэг дахин шинжилгээ хийхээр болсон юм.

Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журамд “нэмэлт шинжилгээ хийсэн бол ажлын 5,цогцос шинжилсэн бол ажлын 7 хоногийн дотор шинжилгээний дүгнэлтийг гаргах” тухай тус тус заасан байдаг.”  Гэвч дахин шинжилгээ хийнэ гэж мэдэгдсэнээс хойш сарын хугацаа өнгөрсөн ч шинжилгээний эцсийн хариу гараагүй хэвээр байна.

Мөн “Хил хамгаалах ерөнхий газар”-ын харъяа, Увс аймаг дахь 0311-р ангийн байлдагч Ц.Вангансүрэн нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр сураггүй алга болсон хэрэг гарсан. Байлдагч В нь Завхан аймгийн Асгат сумын харъяат бөгөөд тухайн үед байлдагч нь биедээ “АКА” галт зэвсэг, 50 ширхэг сумтай морь унаж явсан бөгөөд эрэн хайх үйл ажиллагааны явцад байлдагчийн цогцос нь Тува улсын нутгаас олдсон байдаг.

Талийгаач байлдагчийн аавын хэлснээр бол хүүгийнх нь биед сумны шархнаас өөр ил харагдах шарх байгаагүй гэсэн. 

 Одоогоор энэ хэргийг тагнуулын ерөнхий газраас шалгаж буй бөгөөд дээрх холбогдох байгууллагууд шинэ мэдээлэл олон нийтэд өгөөгүй хэвээр байна.

П.Бат

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ