• Б.Хаш-Эрдэнэ:Танхим алдаа дутагдлаа засаж байж бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллаж чадна  

    2019-02-22

    Эдийн засагч, судлаач, бизнесийн зөвлөх Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.Тэрбээр энэ сарын 28-нд болох  МҮХАҮТ-ын ээлжит их  хурлаар тус байгууллагын  удирдлагад “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай нэг баг болон өрсөлдөж байгаа аж.   

    – МҮХАҮТ-ын удирдлагад нэр дэвшиж байгаагийн зорилго юу вэ?

    -МҮХАҮТ-ын үйл ажиллагааг сүүлийн гурав, дөрвөн жилд нэлээд суларсан гэж би хөндлөнгөөс харж байгаа. Яагаад би ингэж шууд хэлж байна вэ гэхээр өмнө нь би Танхимд 10 жил Бодлого,зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан.Танхим хаашаа яаж хөгжих вэ гэдэг бодлогыг гаргаж,энэ дагуу төлөвлөгөө гаргаад, хэрэгжилтэд хяналт мониторинг хийж ажилладаг байлаа. Танхимын дотоод үйл ажиллагааг маш сайн мэднэ. Ялангуяа бодлогын өмгөөллийн чиглэлээр Танхимын үйл ажиллагаа их суларсан.

    Би  Бодлого,зохицуулалтын газрын дарга байхдаа удирдлага, баг хамт орныхоо хамт нийт хувийн хэвшлийнхний болон салбар бүрийн өмнө тулгамдсан асуудлуудыг судлаад, түүнийг яаж шийдэх вэ гэдэг шийдлүүдийг нь гаргаж ирээд бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг төр, засгийн байгууллагад маш хүчтэй хүргэдэг байсан. Дээр нь ийм хууль, журамд ийм өөрчлөлтүүд орох ёстой гэсэн албан ёсны саналыг бичиж хүргүүлдэг, ширээний хоёр талд сууж байгаад шийдүүлдэг байсан. Ийм тодорхой ажлуудын үр дүнд танхимын нэр хүнд нэлээд сайн өссөн.

    Ер нь танхим гэдэг маш сайн платформ юм байна, бизнес эрхлэгчдийн дуу хоолой юм байна, бид асуудлаа энд ярих ёстой юм байна  гэсэн имижтэй газар болсон байсан.

    МҮХАҮТ-ын Дэмбэрэл даргын үед  ажиллаж байсан юм байна.Тэр үеэс юу өөрчлөгдсөн бол?

    -Олон зүйл өөрчлөгдөж, ихэнх нь муудах тал руугаа орсонд харамсаж явдаг. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо гэдгийг байгуулаад нэг талаас Д.Дэмбэрэл дарга хувийн хэвшлийнхнээ удирдаад, нөгөө талаас Сангийн сайд удирдаад төрийн бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оролцоод тодорхой асуудлуудыг шийдвэрлээд явдаг шинэ механизм тогтоод байсан.

    Харамсалтай ганцхан жишээ л гэхэд Танхим энэ зөвлөлдөх хороог ажиллуулахаа больсон бололтой. Мэдээнээс харахад Үндэсний хөгжлийн газар ийм зөвлөлдөх хороо байгуулаад тэр дотор нь Танхим өөрөө нэг идэвхгүй гишүүн нь болсон байна. Энэ нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлогын өмгөөллийн ажлууд бүрэн зогсолтод орсны илрэл. Би жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч ажилладаг.Мөн төслүүд дээр ажилладаг. Хамгийн сүүлд л гэхэд Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”-ийн шинжээчээр ажилласан. Ингээд дандаа хувийн хэвшлийнхэнтэй уулзаад явдаг.

    Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд Танхимын зүгээс бидэнд ямар ч дэмжлэг алга, үйлчилгээ алга, танхим дээр очихоо ч больсон гэж маш их ярьдаг болсон байна. Үнэхээр Танхим томчуудтайгаа харьцаад жижгүүдээ хаясан уу?

    Энэ мэт асуудалдаа бид анализ хийж үзэх ёстой. Шилжилтийн эдийн засгийн үед танхим үүргээ гүйцэтгэсэн гэж хэлж болно. Одоо дараагийн шинэ шатанд гарч хөгжих цаг аль хэдийнэ болсон.

    Олонхи компани танхимын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа хэлж байна. Манай бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгө оруулалтын асуудал чухлаар тавигддаг. Банкны маш өндөр хүүтэй зээлээр бизнес эрхэлж байна. Гэтэл энэ асуудлыг хөнгөлөх чиглэлээр гадны шинэ эх үүсвэрийг оруулж ирэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр танхим ажилласан уу гэх мэт  олон асуудал дээр учир дутагдалтай яваад байна.

    -ТББ-ын тухай хуулиар ТББ нээлттэй байх ёстой. Гэтэл МҮХАҮТ хаалттай байна гэх шүүмжлэл нэлээд байдаг.Үүнтэй санал нийлэх үү?

    -Вэб сайт руу нь ороод харахад л ойлгомжтой байгаа. Хуулиар бүх гишүүд танхимын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах эрхтэй. Гэтэл өнөөдөр вэб сайт руу нь ороод харах юм бол зөвхөн 2017 оны үйл ажиллагааны тайлан л байгаа.

    Танхимын санхүүгийн талаар ямар ч ил тод  мэдээлэл байхгүй. Хувийнхан бид өөрсдөө төриийнхнийг шилэн болооч ээ, шилэн данс нээгээч ээ гэж дандаа шаарддаг мөртлөө өөрсдөө нээлттэй биш байж болохгүй.

    Гишүүд танхимын үйл ажиллагаанаас үр ашиг хүртэх,үйлчилгээ авах гэж Танхимд татвар төлж байгаа учраас нээлттэй, ил тод байх ёстой.

    -Санхүүгийн зөрчилтэй учраас одоогийн удирдлагуудыг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай олон хүн байх шиг. Ямар зөрчил яриад байгаа юм бол…?

    -2014 оны сонгуульд одоогийн баг нь дэвшиж гарснаас хойш нэлээд ёс суртахуунгүй, удирдагч хүмүүсийн хувьд байж болохооргүй үйлдлүүдийг гаргасан. Жишээ нь, Танхимын удирдлагууд бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөнө гээд 10 гаруй хүнийг шууд халсан. Халагдсан хүмүүс Хөдөлмөрийн хуулийн дагуу шүүхдээд ажилдаа буцаж орж, Танхим тэдгээр хүмүүст их хэмжээний гэнэт халагдсаны мөнгө төлсөн.

    Гэтэл гэнэт халагдсаны мөнгийг Танхим  төлөх ёсгүй, хууль бусаар халах шийдвэр гаргасан буруутай этгээд буюу дарга нь төлөх ёстой байсан. МҮХАҮТ-ын 55 жилийн ой 2015 онд болсон. Тэр ойн үеэр тэргүүлэгч гишүүддээ санал оруулаад хоёр дарга нь тус бүр 150 сая төгрөг авахаар болсон байгаа юм. Гэхдээ тэр шийдвэр нь байр авч өг гэсэн шийдвэр байсан болохоос мөнгийг нь өг гэсэн шийдвэр байгаагүй. Гэтэл тэр хууль бус үйл ажиллагааг нь эсэргүүцсэн ерөнхий нягтлангийнхаа хоёрдугаар гарын үсгийг хасах хүсэлтийг харилцагч банкууд руугаа явуулаад тэр өдрөө Оюунчимэг зөвхөн өөрийн гарын үсгээр мөнгөө өөртөө шилжүүлж авсан байх жишээтэй. Гэтэл үүнд хяналт тавих ёстой хүмүүс нь хаачив. Өнөөг хүртэл ямар арга хэмжээ авав? Ер нь Танхимын удирдлагын янз бүрийн хууль бус үйлдлүүдийн тухай сонсогдож л байна.Докторын зэргээ хамгаалах гэж Танхимаас 40-50 сая төгрөг гаргуулсан л гэнэ. Тиймээс би Танхимын нийт гишүүддээ Танхимын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг уриалж байна.

    2014 онд Дэмбэрэл дарга танхимын даргын ажлаа өгөхдөө их хэмжээний валютын нөөцтэй үлдээгээд явсан байдаг. Гэтэл тэр валютыг төгрөг болгож шилжүүлээд 75 орчим хувийг нь Оюунчимэг дарга өөрийн дүүгийн удирддаг ХАС банкинд хадгалуулсан гэсэн яриа сонсогдож байна. Валютын ханш өсч байхад валютыг төгрөг болгоно гэдэг санхүүгийн менежмент мөн үү. Дээр нь дүүгийнхээ удирддаг банкинд хадгалуулна гэдэг ашиг сонирхлын зөрчил биш гэж үү? Энэ мэт алдаа дутагдлаа засаж байж МҮХАҮТ гэдэг том байгууллага бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллаж чадна.

    -Ч.Ганхуяг захирал та хоёрын хувьд удирдлагад өрсөлдөөд ялбал яаж ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

    -Юуны түрүүнд бид Танхимын бодлогын өмгөөллийн ажлуудыг эрчимтэй хийж эхэлнэ. Учир нь өнөөдөр бизнесийн орчин муудаад байхад энэ талаар дуугарч байгаа, хувийн хэвшлийнхний нийтлэг эрх ашгийг хамгаалж байгаа газар алга байна. Үүнд төр, хувийн хэвшил ширээний ард өөд өөдөөсөө харж суугаад асуудлаа хэлэлцдэг механизмуудыг бий болгож хувийн хэвшлийнхний өмнө тулгамдаж байгаа асуудлууд, салбарын асуудлуудыг төрийн байгууллагуудаар шат дараатайгаар шийдүүлэх ажлуудыг хийнэ.

    Үүнийг хийхийн тулд танхимын судалгаа, шинжилгээний ажил хийдэг байсан бүтцийг сэргээж зах зээл, бизнесийн чиглэлийн судалгааны төв болгон ажиллуулна.Түүнчлэн хувийн хэвшлийн хөгжилд чухал хэрэгтэй байдаг, бизнес эрхлэгчдэд хамгийн их хэрэгтэй байдаг хөрөнгө оруулалтын гадаад, дотоод эх үүсвэрүүд, сувгуудыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чаддаг болоход нь туслалцаа дэмжлэг үзүүлэх төрөл бүрийн үйлчилгээнүүдийг бий болгож том, жижиг, дунд бүх төрлийн аж ахуйн нэгжүүдэд тус бүрт нь зориулагдсан, тэдэнд наалдацтай, бизнесээ хөгжүүлэхэд нь тус болох ажлуудыг нэн яаралтай төлөвлөж эхлүүлнэ. Дотоод бүтэц зохион байгуулалтын хувьд үндэсний танхимын болон салбар танхимын нийт ажилтнуудыг улам чадавхжуулах, ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд бизнесийн олон чиглэлээр газар дээр нь зөвлөгөө өгч чаддаг болгож мэргэшүүлэх хэрэгтэй байна. Энэ бүхнийг бид залуу хүний хувьд танхимынхаа нийт залуучууд, баг хамт олонтойгоо хамтран шинэ уур амьсгалаа, эрүүл, ил тод байдлаар хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна.Дээр нь мэдээж одоогийн МҮХАҮТ-ын үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдлуудыг засна.

    Т.Үлэмж

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ