2019 онд 120 сумыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбоно

Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Азийн хөгжлийн банкнаас улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбох төсөл амжилттай хэрэгжиж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

УБЕГ нь Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг 2018 оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэхүү төслийн хүрээнд 2018 онд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбоод байгаа аж.

Бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдсоноор тухайн сум, хорооны иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг өөрийн оршин сууж байгаа сум, хорооноос шууд авах боломж, нөхцөл бүрдсэн байна.

Энэ нь улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулахаас гадна иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх ач холбогдолтой ажээ. Үнэхээр ч Нэгдсэн сүлжээнд холбогдохын өмнө тухайн сум, хороодын иргэд улсын бүртгэлийн зарим үйлчилгээг авахын тулд аймгийн төв, дүүрэг ороход дунджаар 2-290 км зам туулж, унаа, хоол, байр, бусад зардалд 1,000-250,000 орчим төгрөг зарцуулдаг байсан гэсэн дүнг УБЕГ-аас гаргасан байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Сум хороодыг бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох нь ямар ямар давуу талуудыг бий болгож байгаа талаар удирдлагууд нь маш тодорхой мэдээллийг ирүүлсэн. Мөн хэд хэдэн аймгаас бүртгэлийн байгууллагатай холбогдож “Төсвийн асуудлаа шийдчихлээ. Та бүхэн холбож өгөөч ээ” гэдэг саналыг тавьсан. Энэ орон нутгийн удирдлагууд иргэддээ хэрэгтэй үйлчилгээг олж харсан ахиц дэвшилтэй тал гэж харж байгаа” гэв.

Сумдыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох нь зөвхөн иргэдэд төдийгүй тухайн сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, түүний дотор шүүх, хууль сахиулах байгууллага, түүнчлэн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой үр дүн, ахиц авчирна гэдгийг мөн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм.

2019 онд төслийн хүрээнд нэмэлтээр 120 сумыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөж байгаа бөгөөд цаашид шилэн кабельд холбогдсон бүх сумыг үе шаттайгаар бүрэн холбох зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ