• Хүүхдийг зодож шийтгэх нь хожмоо сэтгэцийн асуудлуудыг үүсгэдэг

    Америкийн хүүхдийн эмнэл зүйн академиас “Хүүхдээ зохисгүй авирласных нь хариуд цохиж, гар хүрэхээс өөр хүмүүжлийн арга барилыг эцэг эхчүүдэд хэвшүүлэх ” тухай аргачлалыг эмнэлгийн салбарын ажилчдад зориулан 1998 онд боловсруулсан байдаг.

    Гэр бүлийн бяцхан гишүүдийн сахилга батыг сахиулах стратегит багтдаг  бүхий л  төрлийн бие махбодийн шийтгэл, чанга хашхичин орилох зэрэг нь богино хугацаанд хүүхдийг таагүй сэтгэгдэл төрүүлснээр үйлчлэх боловч урт хугацаандаа ямар ч үр дүнгүй гэдгийг Америкийн хүүхдийн эмнэл зүйн академиас сануулж байна.

    Судалгаагаар бие махбодийн шийтгэл амссан хүүхдийн зан авир, танин мэдэхүйн чадвар, сэтгэлзүйн байдлын хувьд сөрөг тал руугаа өөрчлөгдөж эхэлдэг аж.

    Эцэг эхчүүдийн дунд бие махбодийн шийтгэл буюу хөнгөн цохилт нь хүүхдэд бэртэл гэмтэл учруулахгүйгээр хүүхдээ номхруулж, зан авирыг нь намжааж засч, тэр байтугай аюулаас хамгаалж байна гэсэн ойлголт бий. Гэвч үнэндээ цохисноор хүүхдийн зан авирт ямар ч нөлөөлөл байдаггүй. Харин эсрэгээрээ хожмоо бие махбодийн шийтгэлээс үүдсэн сэтгэцийн асуудлууд илэрдэг аж.

    Хүүхдэд хүч хэрэглэж, бие махбодийн шийтгэл амсуулах нь байж болшгүй хэрэг гэж үздэг эцэг эхчүүд байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Харин нөгөө талд хичээлээ тасалсан, хүүхэд зодсон зэрэг зохисгүй үйлдлийнх нь хариуд бөгсөн дээр нь алгадах, манайхаар бол “Суран бүсний амт амсуулах” нь зайлшгүй шаардлагатай гэж үздэг эцэг эхчүүд ч бий.

    “Суран бүсний амт амсуулах”-ын оронд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ?

    Заавал биемахбодтой нь харьцан цохиж зандчиж, хашхичихын оронд хүүхдийн хөгжлийн үе шатуудыг ойлгох шаардлагатай.

    Жишээлбэл,  0-3 насны хүүхдүүдийн хувьд бүхнийг сониучирхсан, хурдан хөдөлгөөнтэй байдгийн улмаас ээж,аав нь байнга тэвдэж, сандарч байдаг.1998 оны зааварчилгааг зохиогч, хүүхдийн эмнэл зүйч Доктор Роберт Сэж 0-3 насны хүүхдийг хүмүүжүүлэхэд дараахь зөвлөмжүүдийг хүргэж байна.

     0-3 насны хүүхэд тань хэрвээ аюултай, өөрийг нь гэмтээж болохуйц зүйл рүү ойртох юм бол тэднийг байгаа газраас нь өөр газар аваачиж, анхаарлыг нь сарниулах нь хамгийн зөв арга.

    Хүүхдэд аюултай гэдгийг ойлгуулахын тулд чангаар орилон цочоох, цохих бус өөрийн нүүр хувирал, үйл хөдлөлөөрөө ойлгуулах хэрэгтэй.

    Машин зам руу гүйх, халуун тогоо руу ойртох тохиолдолд хүүхдээ тэврэн “ Чи минь зүгээр үү?, Үнэхээр аюултай байлаа шүү,Гараа түлэхээр байлаа шүү дээ” гэх мэтээр айсан нүүрний хувирал гарган тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Санаа зовнисон байдлаа илэрхийлж хүүхэддээ ойлгуулсны дараа “Ашгүй дээ, чи минь бэртэж гэмтээгүй байна, үнэхээр айлгалаа шүү” зэргээр санаа тайвширснаа мөн харуулах хэрэгтэй юм.

    Эцэг эхчүүд бүгд л хүүхдээ аюулгүй байлгах, зөв замаар явуулж сайн хүн болгохыг хүсдэг. Гэхдээ “Чиний л төлөө” гэх нэрийдлийн дор  бие махбодийн шийтгэл амсуулах нь хүүхдэд нийгмийг танин мэдэх, зөв дадал зуршилд суралцахад нь ямар ч нөлөөгүй билээ.

    Бэлтгэсэн Г.Сүрэн

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ