• МОНГОЛЫН KFC

    2019-02-21

    Олон улсын сүлжээ KFC-г тойрсон асуудлуудын талаар бодитой байр сууриа Нүүр номондоо илэрхийлсэн Ч.Базарын үгийг “Хэн юу хэлэв” буландаа онцолж байна. 

    Ойрын өдрүүдэд олон улсын сүлжээ хоолны газар KFC-г тойрсон яриа нийгэмд их болж байна. Мэргэжлийн хяналтынхан ч хөдөлгөөнд оров. Яагаад хөдөлгөөн гэж хэлэв гэхээр манай ресторон, хоолны газрууд үнэхээр эрүүл ахуйн дэглэм сайн барьдаг болсон юмуу, эсвэл мэргэжлийн хяналтынхан ажлаа хийхээ больсон юмуу?

    Баян-Өлгийн нэг дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хордлогоос өөр ойрд хоолонд хордсон талаарх мэдээлэл чих дэлсэж, сэрэмжлүүлэг яваагүй санагдана.
    KFC эрүүл ахуйн дэглэм чанд бариагүй, гэдэсний савханцар өвчний нян тээгчтэй хүн ажиллуулж байсан, дотоодын хяналт шалгалт сул зэргээс олон хүн хордож эмчлүүлж байгаа нь түмэн буруу. Гэвч энэ газрыг хаалгах гэж элдэв муу үг хэлж байгаа хүмүүс бид үзэл бодлоо илэрхийлэхдээ арай л бүдүүлэг, эрээ цээргүй болсон мэт санагдлаа.
    Би УБ дахь KFC-гээр тэр бүр үйлчлүүлдэг хүн биш. Харин гадаадад явж байхдаа түргэн, амттай бөгөөд үнэ төсрийг нь бодоод орчихдог. Надтай ижил хүн цөөнгүй биз ээ. Тийм учраас KFC-ийг хаалгах гэж зүтгэж байгаа хүмүүстэй санал нийлэхгүй байгаа хэдэн шалтгаанаа бичмээр санагдлаа.

    KFC бол олон улсын сүлжээ хоолны газар. Монголчууд бид энэ дэлхийн нэгээхэн хэсэг юм бол томоохон суурин газарт KFC байх л учиртай. Нэгэн үеийнхэн Монголоо монголоор нь байлгахыг ихэд хичээвч хүссэн хүсээгүй generation Z үе ирчихээд байна. Тэд маш олон төрлийн чадвартай мөртлөө юмнаас амархан залхдаг зантай учраас Монголоор нь үлдээхийн тулд тэдний үзэл бодол, хандлагыг бид ойлгож хүндэтгэх учиртай. Эсэргүүцэхийн оронд яагаад энэ чухал вэ гэдгийг ойлгуулж өгөх нь чухал санагдана.

    •  Хэн нэгэн анх удаа гадаадад явахдаа KFC-гийн зургийг хараад “аан эндэхийн тахиа, төмсийг мэднээ” гээд юм үзсэн, амталж үзсэн хүн шиг явах нь зүгээр үү? Би зүгээр л гэж бодож байна.
    • Өнөөдөр бидний цалин, орлого ямар байгаа билээ. Гэтэл үр хүүхдүүд маань үргэлж биш ч хаа нэг ээж, аавтайгаа үнэ тохирсон хоолны газар хамтдаа хооллох дуртай байдаг. Ийм үед KFC их зүгээр сонголт гэж боддог.
    •  Залуучуудад бол архигүй, пивогүй аятайхан орчин. Мэдээж дээр нь үнийн хувьд боломжийн.
    • Гадаадын жуулчид ирээд юун түрүүн өөрийн мэддэг хоолны газруугаа л хамгийн түрүүн очно. Тэр нь KFC байх нь дамжиггүй.
    • KFC-гээр үйлчүүлэх эсэх нь тухайн хүний, тухайн гэр бүлийн л асуудал. Мэдээж хүн бүр, гэр бүл өдөр бүр үйлчлүүлж эрүүлийн мэндийнхээ эсрэг хооллох /шарсан тахиа, шарсан төмс, цагаан талх зэрэг нь эрүүл мэндэд таатай бус/ болон эдийн засгийн боломж бага.
    • Монголд үнэхээр зах зээлгүй болчихвол аяндаа хаалгаа хаана.

    Ингээд бодохоор KFC –г хаалгах гэж зүтгэхийн оронд харин эрүүл ахуйн стандарт, чанар, үйлчилгээг нь яг л тэр олон улсын KFC сүлжээ ажилладаг стандарт, журмынх нь дагуу байлгах шаардлагыг Мэргэжлийн хяналтын газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, олон түмэн үйлчлүүлэгч “Таван богд” компаниас шаардаж байвал зүйтэй санагдана.
    “Таван богд” компани ч KFC-ийн өмнө хүлээсэн үүргээ бодож мэргэжлийн бөгөөд эрүүл хүмүүс ажиллуулах, эрүүл ахуйн хяналтаа байнга хийх, Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллах, үйлчилгээгээ илүү найрсаг болгохын тулд ажилчдаа сургах зэрэгт анхаарч ажиллавал зүйтэй байх.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ