• Дэлхийн аварга П.Орхоныг 2022 он хүртэл барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргалаа

    Чөлөөт бөхийн 2017 оны дэлхийн аварга П.Орхон өнгөрсөн 2018 оны Азийн наадамд түрүүлсэн. Гэтэл уг тэмцээний дараа допинг илэрлээ хэмээн медалийг нь хураасан. Түүнийг Индонезийн Жакарта хотод болсон Азийн наадамд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 кг-ын жинд түрүүлсний дараа допингийн хяналтынхан сорьц авч Допингийн эсрэг агентлаг WADA руу явуулахад хориглосон бодис илэрсэн.

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ асуудлаар эцсийн шийдвэрийг өчигдөр гаргалаа. Ингээд П.Орхоны барилдах эрхийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хасчээ. Үүнээс гадна холбогдох журмын дагуу Монголын чөлөөт бөхийн холбоог 20 мянган швейцарь франкаар торгосон шийдвэр гаргажээ.

    Тухайн үед Гавьяат тамирчин П.Орхон өөрийгөө бусдад хорлогдсон хэмээн мэдэгдэж байсан билээ.Ийнхүү 2020 оны Токиогийн олимпод амжилт гаргах, алтан медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай тамирчдын нэг байсан П.Орхон харамсалтайгаар өнжихөөр боллоо. П.Орхон гавьяат эдүгээ 26 настай бөгөөд барилдах ид насандаа ийн шийтгэл хүлээж Монголын чөлөөт бөх, тус спортоор хичээллэгсэд, хөгжөөн дэмжигчдэд нь ч харамсал төрүүлсэн хэрэг боллоо.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ