Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 259 км хүнд даацын авто замын төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт үүрэг болгов.

Дээрх чиглэлийн замд үүссэн эвдрэлийг засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхийг холбогдох компанийн удирдлагуудад даалгалаа.

Авто зам нь дөрвөн эгнээтэй, 115 тонн ачаа, нэг тэнхлэг дээрээ 24 тонн ачаа даах чадвартай тусгай зориулалтын зам юм. Авто зам тавьснаар тээвэрлэлт одоогийнхоос хоёр дахин өсч,  нүүрсний экспорт нэмэгдэн, эдийн засагт үр өгөөжөө өгч, орон нутаг хөгжин, ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай гэж тооцоолж байна.

 Тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхгүй

“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар сайд Н.Цэрэнбат танилцуулав.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ онд 32 ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал:

–  Халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхөд шөнийн цахилгааны үнийн урамшуулал олгох

–  Сайжруулсан түлшээр гэр хорооллын айл өрхийг бүрэн хангах

–  Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн байгууламжийн хүртээмжийг нэмж, орон сууцжуулах

–  Насжилт өндөр болон дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн хэрэгслийг үе шаттайгаар хязгаарлах

–  Агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх

–  Сайжруулсан түлшийг Төрийн болон бусад банкаар дамжуулан зээлээр түгээх, зээлийн хөнгөлөлт үзүүлэх

–  Дөрвөн цэгт хяналтын пост ажиллуулж, түүхий нүүрсийг ахуйн хэрэгцээний зориулалтаар хот руу оруулахаас сэргийлэх

–  Гэр хорооллын 17 цэцэрлэгийг цахилгаанаар хангах

–  Эрсдэлт бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулах юм.

Хийсэн ажлаа тавдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад даалгалаа.

Товч мэдээ

–  Хувиараа таксины үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг Нийслэлийн тээврийн газар 100 мянган төгрөгөөр торгож эхэлснийг зогсоолоо. Иргэдийн халаас руу гар дүрж,  торгох нь буруу гэж Монгол Улсын Ерөнхий сайд  үзэж, салбарын сайдад чиглэл өгсөн байна.

–  Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт 2017, 2018 онд гарсан шүлхий, хонины цэцэг өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөр, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймагт болсон гамшгийн хохирлыг арилгах, сэргээн босгох, гамшгийн голомтод ажилласан алба хаагч, иргэдийн томилолт, урамшуулал зэрэгт найман тэрбум төгрөг олгохоор болов.

–  “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөр нь хувь хүний өгөгдлийг хамгаалах, ил тод, иргэн төвтэй, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй засаглалыг эрхэмлэх, төр, иргэн, бизнесийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлах, төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахимаар авах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг зорилготой юм. Хөтөлбөрийг 2019-2020 онд хэрэгжүүлнэ.

–  Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

–  Зэвсэгт хүчний 303 дугаар ангийг Монгол Улсын гавьяат нисгэгч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Дугарын Цэрэндоржийн нэрэмжит болгов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ