• Ч.Хүрэлбаатар: Хоёр сангаас зээл авсан 319 аж ахуйн нэгж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл  хийв. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Сангийн яамнаас зарим сангуудад хийсэн шалгалтын дүн болон авах арга хэмжээний талаар танилцуулжээ.  Шалгалтыг Засгийн газрын зээл олгодог сангууддаа голчлон хийжээ. Олон жилийн турш хуримтлагдсан олон асуудал байсан. Тэр бүгдийг Засгийн газар дээр нухацтай хэлэлцсэний дараа шийдвэр гаргах ёстой. Дахиж алдаа гаргах эрх бидэнд байхгүй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

    Ч.Хүрэлбаатар:

    “Тариалан эрхлэлтийг дэмжих санг сайтар шалгасан. Байгуулагдсан цагаас нь эхлээд шалгасан. Нэлээд зөрчил илэрсэн. Үүнийг засч залруулах, олон нийтэд ил болгох талаар ярьсан. “Мал хамгаалах сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Боловсролын зээлийн сан”, “Авто замын сан” гэх мэт нэлээд хэдэн санд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Засгийн газрын гишүүд тайлантай танилцаад ирэх долоо хоногт Засгийн газрын тогтоол хэлбэрээр гаргахаар шийдвэрлэлээ. “ЖДҮХС”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” гээд зээл олгодог гурван сангаас гурвуулангаас нь  зээл авсан аж ахуй нэгж ч байна. Хоёр сангаас зээл авсан 319 аж ахуйн нэгж байна. Энэ бүх мэдээллүүд нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь тааруу байна. 130 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр байна. Сүүлийн хоёр сард зээл төлөлтийг төлүүлэх ажлыг зохион байгуулсан. “Тариалан эрхлэлтийг дэмжих” сан байгуулагдсанаас  хойш 16 мянган аж ахуйн нэгж хоёроос дээш удаа зээл авсан байна. Маш их давхцалтай байна. Нэг сангаас нь зээл аваад нөгөө сангийнхаа зээлийг төлөх зүйлүүд ч нэлээд гарсан. Энэ нь Монголбанкны мэдээллийн сантай уялддаггүй, ил тод биш, Шилэн дансанд ордоггүй нь гарсан зөрчлүүдийн суурь болсон гэж үзэж байгаа. Тиймээс бүх сангуудыг ил тод болгож, олон нийтийн оролцоог бий болгоно.

    Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

    -Тусгай сангуудад шалгалт хийхдээ зарим санг хаана гэсэн мэдээлэл байсан. Ямар сангуудыг хаахаар болсон бэ? 

    -Зарим санг татан буулгах саналаа би өнөөдрийн Засгийн газрын  хуралдаанд сангуудын шалгалтын дүнг танилцуулахдаа хэлсэн. Ирэх долоо хоногийн үед нэр усыг нь зарлана.

    -Хэчнээн санд шалгалт хийсэн бэ. Нийт хэд орчим төгрөгийн зөрчил илрэв? 

    -Засгийн газрын зээл олгодог сангуудаа голлож шалгасан.

    -Зээл олгож байгаа сангуудад улстөрчдийн оролцоо маш их байна уу? 

    -Хийгдсэн шалгалтын дүнг ил тод болгоно. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаад ил болно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ