Есөн жил баригдсан төрөх эмнэлгийн барилга дуусах шатандаа оржээ

2019-02-19

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд гуравдугаар сарын 1 гэхэд дулааны эх үүсвэрт холбосноор дотоод заслын ажилдаа орох аж. Уг барилгын ажлыг  “Томо бюлдинг” ХХК гүйцэтгэж байгаа аж. Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар “Нийслэл өргөө” компани, “Пума консерциум”-тай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж  барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм.

Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн.  2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг үргэлжлүүлж 34 хувьтай орхисон барилгыг  “Томо бюлдинг” компани өнөөдрийн байдлаар 80 хувьд хүргэжээ.

Эрүүл мэндийн яамнаас уг төрөх эмнэлгийг цаг хугацаанд нь ашиглалтад өгөх чиглэлээр ажлын хэсэг байгуулан холбогдох газруудтай удаа дараа уулзалт зохион байгуулан, газар дээр нь ажилласны хүчинд ийн дуусах шатандаа оржээ. Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм.

Эх сурвалж:Эрүүл мэндийн яам

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ