Д.Цэнд-Аюуш:КFC-гийн уснаас илэрсэн “E-coli” гэдэг нянг Зайсангийн ундны усны эх үүсвэрээс илэрсэн эсэхийг шалгаж байна

2019-02-19

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас дараахь асуудлаар тодруулга авлаа.

-Зайсан дахь KFC салбарыг нэг мөсөн хаах уу?

– Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь хаасан. Зөрчлийн тухай хууль, зөрчлийг шалган шийдвэрлэх хуульд зааснаар одоо ч шалгасаар байна. Тйимээс тодорхой хугацаа заагаагүй. Цаашид тус байгууллагын үйл ажиллагааг хэрхэхийг эцсийн хариу тогтоогдсоны дараа прокурор шийднэ.

-Бусад 12 салбарт хийж буй шалгалтын хариу хэзээ гарах вэ?

-НМХГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 18-21-ний өдрүүдэд бусад бүх салбарт шалгалт хийж байна. Шаардлагатай тохиолдолд шалгалтын хугацааг сунгана.

Хордлогын нян ундны уснаас илэрсэн. Эндээс Зайсангийн ус ер нь асуудалтай гэсэн яриа дэгдээд байна л даа?

-Зайсан дахь албан байгууллага, орон сууцны хотхонууд тус бүр өөрийн гүний худагтай. Зайсан дахь КFC-гийн уснаас “E-coli” гэдэг нян илэрсэн. Энэ нян нь усны эх үүсвэр, эсвэл бусад зүйлээс илэрсэн эсэхийг нь дахин нарийвчлан шинжилж байна. Шинжилгээний хариунаас гүний худгаас болсон байна уу, “Таван богд”, KFC-гийн ус цэвэршүүлэх үйл ажиллагаа болон ариун цэврийн дэглэм алдагдсанаас болж үүссэн үү гэдгийг дахин нягталж  лабораторт шинжлүүлэхээр дээж өчигдөр өгсөн. Хариу 72 цагийн дотор гарна. Дээрх “Е-Сole” гэдэг нян нь хүний өтгөнд байдаг нян шүү дээ.

-Ямар тохиолдолд KFC-гийн үйл ажиллагааг бүр мөсөн хаах вэ?

-Хуулиндаа хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр тухай байгууллагын үйл ажиллагааг бүр мөсөн хаах заалттай.

П.Бат

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ