• Н.Батбаяр,Э.Бат-Үүл, Н.Гарамгайбаатар нарыг шалгасаар байтал Ардын нам бүрэн эрхээ дуусгалаа

    Avatar

    gereg

    2019-02-19

    Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөгжлийн банкинд шалгалт оруулж, зээл авсан аж ахуйн нэгжүүдийн өрийг төлүүлж, улсыг хохиролгүй болгох үүрэг өгсөн. “Чингис”, “Самурай” бондуудын мөнгийг ашиг сонирхлын бүлэглэлүүдэд олгосон, зээлийн эргэн төлөлтгүй явж ирсэнд хариуцлага тооцон эргэн төлүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд үүрэг болгоод байна.

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, танилцуулахыг үүрэг болгосон. Тэрбээр энэ тухайд“Хөгжлийн банк руу өмнө нь нэг удаа шалгалт оруулсан материалыг үзэж байгаа. Энэ материал дээр үндэслээд Засгийн газраас дахиж ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулахаар ажиллаж байна”гэсэн.

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд өмнө нь сайд болоогүй байхдаа Хөгжлийн банкны асуудлыг шалгаж,мухарлах ёстой гэдэгт хатуу байр суурьтай байсан билээ.  “Улсын төсвийн орлого нь таван их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкнаас түүнтэй тэнцэх хэмжээний зээл гаргасан ч 70 хувь нь эргэн төлөгдөхөөргүй байна” гэж хэлж байв.

    Хөгжлийн банкийг өмнө нь 6 удаа шалгасан тухай яригддаг. Гэвч асар их зөрчил, дутагдал гаргасан АН-ын хуучин эрх баригчидтай өнөөг хүртэл хариуцлага тооцож чадаагүй л байна. Тодорхой нэр бүхий хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг ч хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн боловч одоог хүртэл шийдэгдээгүй  байна.

    МАН-ынхан 2016 онд Засгийн эрх авахаасаа өмнө Хөгжлийн банкийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан хэсэг шалгаж,тухайн үедээ нэг их наяд, 70 тэрбумын зөрчил дутагдал илрүүлсэн гэдэг ч уг асуудалтай холбоотойгоор шийдэгдсэн зүйл байхгүй.Ингээд МАН-ынхан 2016 оны сонгуульд ялсныхаа дараа Хөгжлийн банкинд УИХ-аас мөн шалгалт оруулахын зэрэгцээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарган Хөгжлийн банкийг шалгуулсан.

    Уг шалгалтын дүнд 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг ба шалгалтыг дүнг 2016 оны арванхоёрдугаар сарын 14-нд болсон УИХ-ын Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар танилцуулсан. Дүгнэлтэд “Хууль дүрэм мөрдөөгүй, хуулиас гадуур эрх олгосон. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх ёсгүй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэнтэй холбоотой хяналтын удирдлага алдагдсан” гэж ажлын хэсэг дүгнэсэн байдаг. Үүний улмаас Хөгжлийн банк нь валютын ханшийн зөрүүнээс 155.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна” гэжээ. Хөгжлийн банкны хөрөнгийг өөрийн хармааны мөнгө шиг цацсан гэгддэг нөхдүүдийн өмнөөс тус банкны захирал асан Н.Мөнхбат гэдэг залуу нэг хэсэг мөрдөнд суусан. Тэгвэл түүний цаана хэн хэн байв.

    Хөгжлийн банкнаас зээл авсан хэргээр шалгагдаж байгаа хүмүүс хэн хэн бэ?

    УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Н.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд байсан М.Сономпил, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 2012-2016 онд ажилласан, Улсын баатар Э.Бат-Үүл, ТОСК-ын захирал А.Гантулга нарын олон хүнтэй холбоотой хэргийг тус бүрт нь нарийвчлан шалгаж, заримыг нь прокурор, шүүхэд шилжүүлсэн ч З.Баянсэлэнгэ тэнсэн харгалзах ял авч бусдынх нь хэрэг хэрхсэн нь тодорхой бус байсаар байна.

    “Фортуна” Н.Батбаяр ба Н.Гарамгайбаатар

    Н.Алтанхуягийн Засгийн газар хоёр төсөвтэй, хоёр Сангийн сайдтай байсан гэх нь бий. Уг нь 2012 оны сонгуулийн дараа АН, МАХН-тай хамтарч засаг барихдаа Ч.Улааныг Сангийн сайд болгосон ч фракцийн тохироогүй бол хэцүүдэх учир Н.Алтанхуяг байнга Сангийн сайдад зүтгэж ирсэн “фортуна” хэмээх Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайд болгосон. Тэгээд түүнд Хөгжлийн банкийг даалгасан байдаг. Ингээд л Н.Батбаяр “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларыг оруулж ирсэн. Энэ мөнгө орж ирснээр монгол улс хоёр төсөвтэй болсон гэгддэг. Тэр үед Н.Батбаяр хэмээх сайд бараг Ерөнхий сайдтайгаа зиндаа нэг байсан гэлцэх нь бий. Гудамж төсөл, орон нутгийн зам, “Шинэ сум” төсөл, шинэ төмөр зам, аж үйлдвэрийг хөгжүүлэх 888 төсөл гээд түүнтэй холбоотой асуудлууд олон. Тэр дунд өөрийн фракцийн нөхөрт олгосон замын асуудал нь бий. Засгийн газрын шийдвэрт засвар оруулж, 100 км хатуу хучилттай зам бариулах нэрийдлээр авсан мөнгө нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатартай холбогддог. “Монроуд” компанийн босс Б.Гарамгайбаатар ийн асуудалд холбогддог. “Фортуна” Н.Батбаярыг Хөгжлийн банкны захирлаар өөрийнх нь тавиулсан Н.Мөнхбат хэмээх залуугийн хамт шалгаж байсан ч сүүлдээ хэргийг нь тусгаарласан гэж дуулдсан. Түүнээс хойш Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын хэрэг шүүхэд очлоо гэлцдэг, буцаад прокурор, АТГ-т очлоо гэгдсээр дууслаа.

    Хотын мэр асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ийн захирал асан А.Гантулга

    АН-ыг анх удаа нийслэлд үнэмлэхүй олонхи болоход Засаг даргаар ажилласан Улсын баатар Э.Бат-Үүл эхнээсээ л нийслэлийн гэр хорооллынхныг хауст амьдруулна гэсээр гарч ирсэн. Ингээд дахин төлөвлөлт гээчийг эхлүүлсэн ч өөрийн төрсөн хүү Б.Чулуудайгийн “Грандлайн” компанид нийслэлийн Баянзүрх дүүргийн Амгалан орчимд дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн төсөл хэрэгжүүлэх боломж олгосон. Улаанбаатар хотын банкнаас 3.3 тэрбум, Туркийн   “216 Яапи Үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авч, “Түмэн Амгалан” цогцолбор хорооллын барилгыг гүйцэтгэхээр “Хамтран ажиллах гэрээ”гээр тохирсон байдаг.  Энэ төслийн 55 хувийн санхүүжилтийг “Грандлайн”, 45 хувийн санхүүжилтийг Туркийн компани гаргаж, төслийн орлогыг 50х50 хувь эзэмшихээр тохрсон байсан ч маргаан үүссэн гэдэг. Гэтэл Б.Чулуудайн өрийг дарахын тулд ТОСК-иас “Буян-Ухаа-2” хорооллыг санхүүжүүлэх Төрийн банкны мөнгөнөөс 9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн хэмээх асуудал гарсан. 2015 оны наймдугаар сард 5 тэрбум, нэг сарын дараа дөрвөн тэрбум төгрөгийг “Бэрэн” компанид шилжүүлсэн гэдэг бөгөөд “Бэрэн” компани “Грандлайн” компанийг 5.5 тэрбумаар  худалдаж авсан байдаг аж. Тэгвэл Төрийн орон сууцны корпорацийг удирдаж байсан А.Гантулгыг дүрэм, журамд нийцээгүй шийдвэр гаргасан гэж шалгаж эхэлсэн юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн” компанид давуу байдал олгосон. “Хангай” хотхоны 10 орон сууцны үнийг үл маргах журмаар шийдвэрлэх гэрээ байгуулсан. Үүнийхээ хариуд 12 мянган ам.долларын авлига авсан гэхчлэн түүний холбогдсон хэргийн сураг үргэлжилнэ. 12 мянган ам.долларыг авахдаа төрсөн охиныхоо дансыг ашигласан гэдэг. Гэвч тэдний хэрэг бас л сураг алдарч байснаа саяхан шүүхээс дахин нэмэлт мөрдөн байцаалтад шилжээд байгаа билээ.

    Ийнхүү МАН-ынхан Хөгжлийн банкийг шалгасаар байгаа ч бүгдийг мухарлахгүй байгаагаас шийдэгдсэн асуудал алга. Гэмт хэрэгт холбогдсон нөхдүүд нь ял завшсаар. Ингэсээр байтал МАН-ынхны эрх барих хугацаа дуусах нь.

    Г.Самбаа

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • ӨС ХОНЗОНГООР ЗОХИОМОЛ ХЭРЭГ ҮҮСГЭЭД Л… НЭР ХҮНДИЙГ НЬ  ГУТААДАГ КОММ-СТ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙГААГИЙН НЭГ НЬ ЭНЭ…….