Сөүл-Улаанбаатарын чиглэлд өрсөлдөөн бий болсноор үнэ буурна

2019-02-19
Солонгосын Koreatimes.co.kr вэб сайтад Инчон-Улаанбаатарын чиглэлд шинэ авиа компани өрсөлдөхөөр болж байгаа тухай бичжээ.

….Хоёр улсын 1991 оны хэлэлцээрийн дагуу хоёр тал  тус тус нэг авиа  компанийг Сөүл-Улаанбаатарын чиглэлд нисгэх ёстой. Энэ хэлэлцээр 30 жил үргэлжилсний эцэст гуравдагч авиа компани нэмэгдэх гэж байна. Шинэ хэлэлцээрийн дагуу хоёр улсын МИАТ болон  Korean air-ийн онцгой бүрэн эрхийг цуцлан гуравдагч этгээдийг сонгон шалгаруулах болсноо Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдэгдээд байна.

Иймээс Инчеон-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр  Asiana Airlines, Jeju Air, T’way Air, Eastar Jet компаниуд   өрсөлдөж байгаа бөгөөд  Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх эрхийн сонгон шалгаруулалтыг энэ сардаа багтаан шийдвэрлэнэ.

Тус  яамнаас хийсэн мэдэгдлээр:

Korean Air компани нь уг чиглэлийн нислэгийн оператор хэвээр байж нислэгээ цааш үргэлжлүүлнэ. Харин хоёрдогч агаарын тээврийн компанийг л нэмэлтээр оруулж ирж байгаа гэсэн үг.Одоогийн байдлаар зөвхөн Korean Air авиа компани дангаараа долоо хоногт 1656 суудалтай нислэг үйлдэж байгаа бол хоёрдогч авиа компани давхар үйл ажиллагаа явуулснаар суудлын тоо 50 хувиар нэмэгдэж, долоо хоногт 2500 суудлын хүчин чадалтай болно.
Гуравдагч авиа компанийг өрсөлдөөний талбарт гаргаснаар 30 жилийн турш үргэлжилсэн монополчлолын дүнд бий болоод байсан үнийн хөөрөгдөл буурах юм.

Баярын оргил ачаалалтай үед Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үнэ 890 ам.доллар буюу нэг сая вонд хүрдэг аж. Зорчигчид хоёр дахь  сонголт бий болсноор нэгдүгээрт үнэ буурах, хоёрдугаарт илүү суудал бий болох боломжтой.
Инчеон-Улаанбаатар чиглэлд өнгөрсөн онд нийт 330 мянгаад зорчигчид зорчсон бөгөөд жил бүр дунджаар нийт зорчигчдын тоо 11 хувиар нэмэгдэж байгаа аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ