• Ц.Сандуй,С.Мөнхчулуун нарыг МАН-аас хасах шийдвэр гаргажээ

    2019-02-18

    МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж нийслэлийн МАН-ын хорооны дарга  асан Ц.Сандуй,нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга асан С.Мөнхчулуун нарыг намаасаа хасах шийдвэр гаргажээ.

    Ц.Сандуйг төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах хэрэгт оролцсоны төлөө ийн хариуцлага тооцож байгаа бол С.Мөнхчулууныг сэлэм эргүүлж,танхайрсан дүүгийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, ёс зүйгүй авирласан гэх шалтгаанаар ийн МАН-аас хассан байна. Ц.Сандуй, С.Мөнхчулуун нар 2016 оны УИХ-ын сонгуулийн үед болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед нийслэлийн МАН-ыг удирдсан юм. Ц.Сандуйн хувьд төрийн албыг  60 тэрбумаар  наймаалах яриа хийснийхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээж, нийслэлийн ИТХ-ын дарга болон нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлаа өгөөд байсан. Харин С.Мөнхчулуун АН-аас дэмжлэг аван нийслэлийн Засаг даргад нэр дэвшсэн ч Ерөнхий сайд батламжлахаас татгалзаад байгаа билээ.

    60 тэрбумынхан болон хотод мафи болсон гэгдэх бүлэглэлийнхэнтэй МАН дотроо  хатуу тэмцэх ажил ийнхүү үргэлжилж байгаа бололтой. Өнгөрсөн оны сүүлээр хуралдсан МАН-ын Бага хурлаар тус нам дүрэмдээ өөрчлөлт оруулж, ёс зүй, дүрэм зөрчсөн намын гишүүддээ Хяналтын хороо эцэслэн хариуцлага тооцож, намаас хасах шийдвэр гаргасан юм.

    Г.Сондор

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ