Ё.Баатарбилэг байнгын хорооны ажлаа БСШУС-ын сайдын үгээр тайлагнав

Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр 2018-2019 оны намрын чуулганы үеэр хийсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо намрын чуулганаар нийт 11 удаа хуралдаж, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хууль, дагасан хоёр хууль, таван харьяа байгууллагын тайлан, мэдээлэл, таван хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцэж, шийдвэрлэжээ. Хууль тогтоолын төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 11 удаа хуралдсан байна. Мөн УИХ-ын намрын чуулганы хуралдаан хуралдаагүй, тасалдсан ч энэ хугацаанд нэг ч удаа хурлаа таслаагүй байнгын хороо бол тус байнгын хороо юм байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БСШУС-ын сайдын үгээр ажлаа тайлагналаа. Сүүлийн үед төрийн дээд албан тушаалтнууд нэг албанд очихоороо “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” гэдгийг огт авч хэлцэхээ болиод байна. Түүний нэг нь энэ асуудал. Байнгын хорооны даргаа өгөлгүй давхар сайдын албыг хүлээн авснаараа Ё.Баатарбилэг 3 давхар дээлтэй байна. Click To Tweet

Манай улстөрийнхөн Засгийн газар УИХ-ын дээр гарчихлаа гэлцээд байдаг. Гэвч үнэндээ өөрсдөө ийм л ухамсартай байна. УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, сайд гэсэн 3 давхар дээлтэй байгаа хэрэг юм. Тэр тусмаа БСШУСЯ-ыг хариуцдаг байнгын хорооны даргын суудлыг хамт хашиж буй.

Байнгын хорооны даргын ажлаа хэзээ өгөхийг асуухад, тэрбээр “Хуульд заасны дагуу байнгын хорооны ажлаа тайлагнаж байгаа. Чуулган завсарлах өдөр миний бие сайдаар томилогдсон  бөгөөд байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн байгаа. Байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудал чуулганы хуралдаанаар ордог учраас ээлжит бус эсвэл хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэлээ.

KFC –тэй холбоотой асуудлын тухайд Байнгын хороонд мэдээлэл ирээгүй ба хүүхэд хамгааллын чиглэлээр хариуцлагыг чангатгах, хүүхдийн хоол бэлтгэж байгаа бол хариуцлагыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах боломжтой гэв.

Ё.Баатарбилэг мөн БСШУС-ын сайдын хувьд сэтгүүлчдийн сонирхсон дараагийн асуултад дараах хариултуудыг өглөө.

  • -“БСШУС-ын яам, Соёлын өв алдагдаж байгаа эсэх, баримттай эсэх талаар яаралтай мэдээлэл бэлтгэж өгөх хүсэлтийг өнөөдөр өглөө яамны шуурхай хэлэлцүүлгийн үеэр ярьж, үүрэг өгсөн байгаа. Хэрэв хуурамч гэх баримт байгаа бол бидэнд ирүүлж, бид энэ чиглэлээр ажиллана” хэмээлээ.
  • -Байгалийн түүхийн музейг КОЙКА-аас буцалтгүй тусламжтайгаар барих ажил сүүлийн хоёр, гурван жил яригдаж байгаа юм. Тус байгууллагын ажлын хэсэг ирж үзээд одоогийн байгаа газар нь жижигхэн байгаа учраас Хотын захиргаанаас өөр газар олгож өгөх санал өгсөн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй юм билээ. Тиймээс Солонгосын буцалтгүй тусламж худлаа болсон учраас бид энэ асуудлыг хөөцөлдөж байгаа бөгөөд бүр болохгүй бол улсын төсөв болон  өөр бусад олон улсын байгууллагын тусламжийг судалж байна.
  • -Энэ жил сурах бичигт 3,6 тэрбум төгрөгийн төсөв байгаа. Улсын хэмжээнд сурах бичигтэй болгоно гэвэл 40 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг яамныхан хэлж байна. Цаашид сурах бичгийг яах ёстой вэ гэвэл улсын төсөвт хангалттай тавих эсвэл бага болон эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурах бичгийг төрөөс авч, арилжааны хэлбэр лүү оруулаад явах хоёр боломж байгаа юм.
  • -Хүүхэд хамгааллын таван тэрбум төгрөгийг юунд зарцуулсан талаар байнгын хороо шалгасан. Хэвлэл мэдээллээр явсан тавилгад зарцуулсан гэдэг нь хоёр талтай юм билээ. Яагаад гэвэл  хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, хамгааллын байрууд шинээр ашиглалтад орсон. Тэр зорилгын хүрээнд тодорхой хэмжээний тавилгад зарцуулагдсан байсан. Энэ жилийн найман тэрбум төгрөгийг зорилготой, олон хүүхдийн эрхийг хамгаалж чадах хүрэх үр дүнтэй төслүүд рүү оруулж, хяналтаа сайн тавих ёстой гэж үүрэг чиглэл өгсөн гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ