• Ч.Хүрэлбаатар:Орон сууцны татварын хөнгөлөлт гурван сая  байсныг зургаан сая төгрөг болгоно

    2019-02-18

    Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд  болж, Сангийн яамнаас  уг хуулийн төслөөр 39 удаагийн танхимын хэлэлцүүлэг зохион байгуулж,  4790 хүн оролцсон хэмээн мэдээллээ.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын илтгэлд дурдсанаар, жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргахаар ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд тусгажээ.

    Татварын хуулийн цогц шинэчлэлийн хүрээнд нийтдээ 20 гаруй хуульд өөрчлөлт оруулж байгаа юм.

    ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД:

    • Татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар болгон сунгана.
    • Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно.
    • Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлнэ.
    • Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана.
    • Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй.
    • Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй.
    • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлагнаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно.

    АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН  ТУХАЙ ХУУЛЬД:

    • Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна.
    • Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно.
    • Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно.
    • X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө.
    • Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно.
    • Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ.
    • Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.

    ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД:

    • Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө.
    • Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно.
    • Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөг байсныг 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ.
    • Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ