• МХГ:КFC-гийн дөрвөн ажилчнаас цусан суулгын нян хоол хүнсээр дамжин халдвар тараасан

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан KFC салбарт хяналт шинжилгээ хийхэд тус салбарын ажилчдад цусан суулга үүсгэдэг “шигель”-ийн төрлийн нян илэрсэн тухай НМХГ-аас мэдээллээ.

    КFC сүлжээ рестораны Зайсангийн салбарт МХЕГ-аас 2017 онд хийсэн үзлэгээр “бага эрсдэлтэй”, 2018 оны үзлэгээр “дунд эрсдэлтэй” гэсэн дүгнэлтүүд тус тус гарч байв.

    Харин 2019 оны хийсэн тандан үзлэгээр ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаагүй, дотоод хяналт шалгалтын төвшин муу гэсэн дүгнэлт гараад байна.

    Тандалтаар сэжиг бүхий хүнсний бүтээгдэхүүн, түүхий ус, ундаанаас нийт 39 дээж, ажлын тоног төхөөрөмж, ариутгах тоног төхөөрөмж зэрэг эрүүл ахуйн үүднээс нийт 94 дээж аван шинжилгээнд хамруулсан.

    Тус салбар нь нийт 28 ажилчинтай. Тэднээс дөрвөн ажилчин, хоёр хоол үйлдвэрлэгч ажилтанд цусан суулга үүсгэдэг “шигель”-ийн төрлийн нян илэрсэн бөгөөд нянгийн халдвар нь хоол хүнсээр дамжин үйлчлүүлэгчдэд халдварлан улмаар нийт 242 хүнд эмнэлзүйн шинж илэрч, түүнээс  42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

    НМХГ-ын Төв лабораторийн төвийн эрхлэгч М.Бадамцэцэг:

    Хордлого гарсан дуудлагын дагуу хоёрдугаар сарын 12-ны оройны 20 цаг 30 минутаас хоёрдугаар сарын 18-ны 07.00 цаг хүртэл бэлэн хоол, хоолны амтлагч, гүний худгийн ус, гадаргуугийн арчдасын нийт 133 дээжийг цуглуулан шинжлэхэд 9 дээж нь эрүүл ахуйн стандарт хангаагүй гарсан.

    Тухайн байгууллагын хэсгийн усан хангамжийн усанд гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч, халуунд тэсвэртэй савханцар илэрсэн, удаан хугацаанд бохирдсыг харуулах химийн нитратын агууламжтай гарсан. Тахианы ясгүй маханд серато төрлийн нян илэрсэн ч зөвшөөрөгдөх хэмжээг даваагүй.

    Түүхий бүтээгдэхүүнд нянгийн бохирдол угаасаа байдаг. Харин дулааны үйл ажиллагаанд ороод нян нь устах ёстой.

    Усны бохирдлын тухай тодруулахад төвлөрсөн усан хангамж бус зөвхөн ХУД-ийн Зайсангийн  KFC болон Pizzahut салбарууд усаа хангадаг гүний худаг нь шинжилгээгээр ийнхүү бохирдолтой гарсан ажээ.

    НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Б.Очмаа:

    Ажилчид зохих шаардлагын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байсан.

    Харин усны бохирдлын хувьд эх үүсвэртээ, эсвэл дамжих шугам, шүүлтүүр дээрээ бохирдон  талаар нарийвчилсан шинжилгээг хийж усны бохирдлын шалтгааныг илрүүлнэ.

     

    НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

    KFC-ийн бусад салбарууд дээрх урьдчилан сэргийлэх шалгалтын өнөөдрөөс эхэлж хийж эхэлж байна. Шалгалтын явцад илэрч буй зөрчлүүд дээр тулгуурлан хариуцлага тооцох, шаардлагатай гэвэл хаах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

    Таван Богд группийн харъяа худалдаа үйлчилгээний салбарын хүрээнд олон улсын КFC, Pizzahut болон Little Sheep сүлжээ ресторанууд, GobiMirage, Сакура, Нагоми зэрэг хоолны газрууд үйл ажиллагаагаа явуулж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ