• Завханчууд оюунлаг гэдгээ баталж “Болор цом”-ын эзэндээ бөх нь бай шагналаа өгөв

    Өнгөрсөн бямба гаригт Завханчуудын гахай жилийн сар шинийн золголт Бөхийн өргөөнд болж, 56 бөх барилджээ.Барилдаанд Их уул сумын харьяат Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Отгон сумын харьяат ,улсын харцага Төрмөнхийн Бэгзсүрэн үзүүрлэжээ.

    Уламжлал ёсоор Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс өнгөрсөн жилийн “Завхан аймгийн Онцлох хүн”- ийг шалгаруулахад “Болор цом-2018” наадмын тэргүүн байрын шагналт Базарсадын Баттулга тодорсон байна. Сүүлийн жилүүдэд  “Болор цом” наадам шударга бус болж байна гэх шүүмжлэл тасрахгүй, нэр хүнд  нь ч унаад байв.Харин Б.Баттулга түрүүлсэн 36 дахь “Болор  цом”-д олны ам  сайн байж, “Болор цом” наадмынх нь нэр хүнд ийм хурдан сэргэдэггүй юмаа гэхэд түрүүлсэн яруу найрагч нь олны хайр талархлыг хүлээгээд байгаа.

    Яруу найрагч Б.Баттулгад  Завхан нутгийнхан хандив цуглуулж, хоёр өрөө байр авч өгсөн нь олон хүний баяр талархлыг хүлээсэн. Сая Завхан аймгийн Онцлох хүн болоход нь ч Завханчууд баярлаж буйгаа илэрхийлсээр байна. Завханчуудын их золголтын үеэр сэтгэл хөдөлгөм нэг үйл явдал болсон нь  бөхийн барилдаанд түрүүлсэн улсын гарьд  Б.Гончигдамба түрүү бөхийн бай телевизээрээ Болор цом”-ын эзэн Б.Баттулгыг мялаасан явдал байв.

    Улсын гарьд  Б.Гончигдамба,  “Болор цом”-ын эзэн Б.Баттулга нар хоёулаа Завхан аймгийн Их-Уул сумын харьяат ажээ. “Завханчууд оюунлаг гэдгээ баталж,бөх нь хүртэл “Болор цом”-ын эзнээ бай шагналаараа мялаав гэцгээж байна. Үнэхээр ч завханчууд оюунлаг ард түмэн. Цаст Очирвааны нутаг Завхан нутгаас олон хутагт хувилгаад, зохиолч,яруу найрагчид, төрийн шагналтнууд төрсөн билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ