Ж.Батзандан:Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан хүмүүс ажлаа өгөөд л болоо юу

2019-02-15

МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлээс найман зүйл бүхий шаардлагыг төрийн гурван өндөрлөгт тавилаа.МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлийг санаачлагч УИХ-ын гишүүн Л.Болд,Ж.Батзандан,Х.Нямбаатар нар өнөөдөр төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

УИХ-ын гишүүд,иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан МАНАН дэглэмийн эсрэг хөдөлгөөн өчигдөр ээлжит хурлаа хийж,найман зүйл бүхий шаардлагыг тавьж байна.

Үүнд:

  1. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмний мэдэлд авах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх,”Стандарт” банкны хэргийг яаралтай шийдэх
  2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж,нөөц тогтоосон боловч авлига,хулгайн замаар хувьд очсон стратегийн ордуудыг төрийн мэдэлд авах
  3. ЖДҮ зэрэг сангуудыг шалгаж,буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж,зарим санг татан буулгах
  4. 60 тэрбум,оффшортой холбоотой асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах
  5. Зориг агсны хэргийг үнэн мөнөөр шийдүүлэх гэх мэт найман асуудал байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хүмүүс шалгагдаж байгаа. Тэд Зориг агсныг хэзээ ч танихгүй гэж мэдээлэл өгсөн. Шинэ нөхцөл байдал үүссэн учраас энэ хэргийг задлахаас өөр аргагүй.

60 тэрбумын хэргийн эзэд эхнээсээ ажлаа өгсөн. Гэхдээ төрийн албыг наймаалцсан хүмүүс ингээд зогсох уу.Бид уг хэргийг хууль,хяналтын байгууллагад өгч шийдүүлэх ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Иргэд баялгийн тэгш бус хуваарилалтад бухимдаж байна. Бид шударга ёс,тэгш хуваарилалтын төлөө хөдөлгөөн өрнүүлсэн. 2013 онд эрүүгийн хэрэг нээж үүсгэсэн “Эрдэнэт”-ийн Стандарт банктай холбоотой асуудал яагаад шийдэгдэхгүй байна вэ? Эндээс өдөр бүр алданги тооцогдож байна.

“Эрдэнэт”-ийн 49,51 хувийн асуудал яагаад өнөөг хүртэл шийдэгдэхгүй байна вэ? “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр л гэхэд  Үндсэн хуулийн цэц,шүүх, УИХ гэсэн гурван өөр эцсийн шийдвэр гарсан байна

Нэг хэрэг яагаад зургаан жил шийдэгдэхгүй байна вэ? Энэ асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд нээлттэй сонсгол хийж ярих ёстой.

Шүүх, прокурор, АТГ-ын удирдлагууд хууль сахиулах үүргийг УИХ-ын өмнө хүлээдэг. Гэтэл эдгээр хэргүүд яагаад шийдэгдэхгүй байгааг УИХ ярьсны дараа тэдгээр хүмүүсийг солих асуудлыг ярих ёстой.

УИХ-ын гишүүн Л.Болд:

Үнэхээр хуулиар хүлээсэн ажлаа хийгээгүй, шударга бус байгаа бол ёс суртахууны хариуцлагаа хүлээх ёстой. УИХ-ын дарга шиг ажлаа өгөхгүй гээд гүрийгээд байвал томилсон эрх бүхий субьект УИХ асуудлыг ярих ёстой.

ЖДҮ-гийн асуудал бидний шаардлагын дөрөвдүгээрт байгаа. Бид энэ асуудлыг ярих ёстой. Гэхдээ зөвхөн УИХ-ын гишүүдийг яриад, ерөнхий прокурорын орлогчийн асуудлыг ярихгүй байна вэ? Засгийн газрыг унагах гэж кнопны асуудлаар ЖДҮ авсан УИХ-ын гишүүдийг зөвхөн яриад байгаа бол энэ гэмт хэрэг мөн үү? Энэ асуудалд бид хариулт өгөх ёстой.

Тэд УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулах шаардлага тавилаа.

Г.Саруул

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ