• Судалгаа:Өсвөр насандаа мансууруулах бодис хэрэглэвэл насандаа хүрээд сэтгэцийн хямралд орно

    2019-02-15

    Каннабис гэж юу вэ?

    • Марихуана гэж Энэтхэгээс гаралтай олсны ургамлын хатаасан иш навч, үр, цэцэг зэргийг ерөнхийд нь илэрхийлдэг нэршил юм.
    • Хашиш гэдэг нь Энэтхэгийн олсны ургамлын давирхайгаар бэлтгэсэн нэгэн төрлийн мансууруулах бэлдмэл юм.
    • Харин марихуана, хашиш зэрэг энэтхэгийн олсны ургамлаас гаралтай төрөл бүрийн мансууруулах бодис, бэлдмэлийг ерөнхийд нь каннабис гэдэг.
    • Каннабист агуулагдах хий юм үзэгдүүлэх үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг ТНС гэх бөгөөд энэ нь хүний хүрээлэн буй орчныг тусгаж авах сэтгэцийн үйл ажиллагааг хүчтэй өөрчилж, хий юм үзэгдүүлэх, солиоруулах үйлчилгээ үзүүлдэг.
    Каннабисын хэрэглээ нь архи, согтууруулах ундаанаас илүүтэйгээр тархины үйл ажиллагаанд гэмтэл учруулдаг Click To Tweet

    Канадын Монтрелийн их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүд каннабис төрлийн мансууруулах марихуана, хашиш зэргийг хэрэглэх нь согтууруулах ундаа хэрэглэхээс илүүтэйгээр тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг тогтоосон байна.

    Өсвөр насандаа мансууруулах бодис, тэр дундаа каннабис мөн согтууруулах ундаа хэрэглэх нь сурч мэдэх, анхаарлаа төвлөрүүлэх, ямар нэгэн шийдвэр гаргах зэрэг танин мэдэхүйн үйл ажиллагаанд асуудал үүсгэдэг. Тэгвэл 13 настайгаас нь эхлээд насанд хүрэх хүртэл дөрвөн жилийн турш нийт 3800 хүнийг оролцуулсан уг судалгаагаар мансууруулах бодис хэрэглэснээс үүдэх тархины гэмтэл нь согтууруулах ундаанаас үүдэлтэй саатлаас удаан хугацаанд үргэлжилдгийг тогтоожээ.

    Тус судалгаанд Канад улсын 31 өөр сургуульд суралцагч өсвөр настнууд хамрагдсан бөгөөд жилд нэг удаа согтууруулах ундаа болон мансууруулах бодисын хэрэглээний талаарх мэдээллийг нь авдаг байв. Судалгаанд оролцогчид хэр давтамжтай мансууруулах бодис болон согтууруулах ундаа хэрэглэж байгаа тухай хариулсны дараа тархины үйл ажиллагааг шалгах танин мэдэхүйн чанартай шалгалтад орох замаар дөрвөн жилийн турш үргэлжилжээ.

    Судалгаанд оролцогчдын 75 хувь нь ямар нэгэн байдлаар согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн бол түүнээс гурав дахин бага хувь нь мансууруулах бодис хэрэглэдэг байв.

    Судалгааны тэргүүлэх судлаач Монтрелийн сэтгэц эмгэгийн хэлтсийн профессор Патришиа Жей Конрод:

    Өсвөр настнуудын тархины үйл ажиллагаанд каннабис хэрэглээнээс илүү согтуулах ундааны хэрэглээ сөрөг үр дагавартай гэж таамаглаж байв. Гэтэл каннабис төрлийн мансууруулах бодисыг хэрэглэх явцад, хэрэглэхээ больсон ч түүнээс бий болсон ой санамж муудах, өөрийн биеэ хянах хяналтгүй болох зэрэг сөрөг үр дагавар устаж үгүй болохгүй нөлөөлсөн хэвээр байсаар л байна. Өсвөр настнуудын хувьд тархи нь хөгжсөн хэвээр байдаг. Харин мансууруулах бодис, марихуаныг хэрэглэснээр түүний хөгжилд саад учруулж байгаа хэрэг.

    Өсвөр насандаа каннабисын төрлийн мансууруулах бодис хэрэглэх нь насанд хүрээд сэтгэцийн хямралд ороход ихээхэн нөлөөлдөг.

    Мөн Англи, Канад эрдэмтдийн нэгдсэн судалгаагаар өсвөр насандаа мансууруулах бодис хэрэглэх нь насанд хүрээд сэтгэцийн хямралд орох магадлалыг 37 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоов.

    Тодруулбал, 18 наснаасаа өмнө марихуан, ямар нэгэн төрлийн мансууруулах бодис хэрэглэх зуршилтай байсан тохиолдолд 35 нас хүрэхэд сэтгэцийн хямралд орсон байх магадлал 37 хувиар нэмэгддэг аж. Энэ нь Англи улсын хэмжээнд тухайн насны 60 000 хүмүүсийн дунд тохиолддог 14 сэтгэцийн хямралын тохиолдлуудын нэг тутам нь мансууруулах бодисны хэрэглээтэй хамааралтай гэсэн үг юм.

    Энэ судалгааг хийхэд оролцсон Оксфорд, Монтрелийн МакГиллийн их сургуулиудын эрдэмтэд “Өсвөр настнуудын дунд хүчээ аваад байгаа каннабисын хэрэглээг олон нийтийн эрүүл мэндийн хэмжээнд авч үзэх хэрэгтэй” тухай анхааруулж байна.

    Орчуулсан Г.Сүрэн

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ