Монголд төлбөр тооцоог криптовалютаар хийж байгаа нь нотлогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ

2019-02-14

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анараас Монголд биткойн олборлох үйл ажиллагаа, блокчейн технологи, криптовалютаар гүйлгээ хийх зохицуулалтын талаар тодрууллаа.

-Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани биткойн олборлохын тулд ямар  зөвшөөрөл авч байна вэ?

-Монгол улсад криптовалют олборлоход Монголбанкнаас ямар нэгэн зөвшөөрөл олгодоггүй.  Монголбанкны зүгээс криптовалютыг албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцдоггүй бөгөөд  Төлбөр тооцоог yндэсний мөнгөн тэмдэгтээр гyйцэтгэх тухай хуулийн 3.1.2-т “үндэсний мөнгөн тэмдэгт гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд….”,  4.1-т “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасан байдаг.

Иймд хуулийн дагуу аливаа криптовалтыг төлбөр тооцоонд ашиглаж болохгүй, харин криптовалют олборлох үйл ажиллагааг Монголбанкнаас зохицуулдаггүй.  

-Монголд эрчим хүч хямд учраас Японы блокчэйн олборлогчид Монголд ирж олборлолт хийж эхэлсэн,төхөөрөмжийн тоогоо 600-аас 1600 болгож нэмэгдүүлж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Монголбанкинд  ямар мэдээлэл байна вэ?

-Энэ талаар Монголбанкинд албан ёсны мэдээлэл байхгүй. Харин Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ард иргэддээ хандан криптовалютад хөрөнгө оруулах, худалдан авахдаа болгоомжтой хандах, эрсдэлийг сайтар судалсны үндсэн дээр хөрөнгө оруулах, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа төлбөр тооцоонд ашиглахгүй байх талаар мэдэгдлийг Монголбанкнаас хоёр  удаа, Санхүүгийн зохицуулах хорооноос нэг удаа /  өөрийн цахим хуудсаар болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийсэн.

-Гадаадын хөрөнгө оруулалттай,эрчим хүчний өндөр хэрэглээ бүхий үйл ажиллагаа явуулдаг компаниудад эрчим хүчний тарифыг шинэчлэн тогтоох шаардлагатай юу. Энэ асуудлыг мэдээж Засгийн газар, ЭХЯ хариуцах байх.Гэхдээ энэ асуудал танай бодлоготой  ямар нэг байдлаар уялдах уу?

-Хэдийгээр дэлхийн ихэнх улс орнуудын Төв банк нь криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөөгүй боловч түүний суурь технологи болох блокчейн технологийг төлбөр тооцоонд нэвтрүүлэх тал дээр судалгаа, шинжилгээ, туршилт хийж эхэлсэн байгаа. Ирээдүйд энэ технологийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд өөрсдийн нийгэм эдийн засаг, банк санхүү, төлбөр тооцооны системд амжилттай нэвтрүүлэн үр ашигтай, аюулгүй, эрсдэл багатайгаар үйл ажиллагаандаа ашиглаж эхлэх хүртэл Монголбанк энэ чиглэл рүү хэт түрүүлж туйлшрахгүй байх бодлогыг баримталж байна.

Блокчэйн технологи, крипто валютын дэлхийн  чиг хандлага ямар байна вэ?

-Дэлхийн хөгжингүй орнуудын төв банкууд блокчейн технологийг судалж, өөрсдийн төлбөр тооцоонд хэрхэн үр ашигтай ашиглаж болох талаар туршилтыг хийж, нэмэлт хөгжүүлэлт хийсээр байна. Гэсэн хэдий ч одоог хүртэл тодорхой шийдвэр гаргах нөхцөл бүрдээгүй байна.

-Монголд  криптовалютаар гүйлгээ хийдэг газар бий юу?

-Энэ нь Монголбанкнаас зөвшөөрөөгүй үйл ажиллагаа. Хэрвээ төлбөр тооцоог криптовалютаар хийж байгаа нь нотлогдвол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэх болно.
 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ