• Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлахгүй байх учир шалтгаанууд

    Улаанбаатар хот хууль ёсны Засаг даргагүй яг хоёр сар болж байна. Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд ажлаа хүлээлгэн өгч, дараагийн Засаг даргын сонгууль 2019 оны нэгдүгээр сарын 16-нд болсон. Нэгдүгээр сарын 16-нд болсон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн санал хураалт хоёр удаа болж, эхний санал хураалтад С.Амарсайхан, С.Мөнхчулуун хоёр нэр дэвшигч 21, 21 саналаар тэнцэж, дахин санал хураалтаар С.Мөнхчулуун дөрвөн хүний давуугаар ялсан. Түүнд саналаа өгөгсөд нь Ц.Сандуйгийн талын 13,АН-ын 10 төлөөлөгч юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын төлөөлөгчдөөс 13 нь С.Мөнхчулуунд, 19 нь С.Амарсайханы төлөө саналаа өгчээ. Гэвч бүтэн сар болж байхад Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжилсангүй.

    Бүтэн сар болж байхад батламжлаагүй юм чинь ер нь батламжлах уу гэсэн асуулт ч дагалдах нь зүй. Хуулиар Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг нэг удаа батламжлахгүй буцаах эрхтэй. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ эрхээ эдэлж,нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг батламжлахгүй байх нөхцөл байдал нэгэнт үүссэн бололтой.  Ерөнхий сайд засаг захиргааны нэгжийн хувьд өөрийн шууд удирдлагад ажиллах хүн хэн байхыг өөрөө сонгох учиртай, уг нь. Тийм ч учраас нийслэлийн ИТХ дахь олонхи болох  МАН-ын бүлэгт бодлогын хүнээ  санал болгож, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга болгохоор нэрийг нь дэвшүүлсэн. Гэвч С.Амарсайханыг сонгох  нийслэлийн ИТХ-ын хуралдааны үеэр будилаан үүсч,намын болон намын даргын бодлогын бус С.Мөнхчулуун ялсан хэрэг.

    Хэдийгээр С.Мөнхчулуун нийслэлийн ИТХ-аас нэг хүний саналаар илүү гарч ялсан хэмээгдэж байгаа ч үүнийг “ялалт биш” гэж МАН-ынхан үзэж байгаа аж. Учир нь тэрбээр сөрөг хүчинтэй хүч хавсарч  намынхаа  бодлогын хүнийг унагасан. Мөн баг болон ажиллах учиртай МАН-ын удирдлагын  бодлогыг сөрсөн.

    Бодитой өрсөлдөөд  Нийслэлийн ИТХ дахь нам дотроо ялсан бол бас яахав “ялалт” гэж үзэж болох юм гэлцэж байна. Үнэндээ бол албан тушаал,эрх мэдлийн төлөө сөрөг хүчинтэйгээ нийлнэ гэдэг увайгүй явдал.

    Эдгээр учир шалтгааны улмаас С.Мөнхчулууныг Ерөнхий сайд батламжлахгүй бололтой. Мөн эдгээр учир шалтгааны улмаас батламжлахгүй байгаасай гэсэн хүсэлт  ч МАН-д  үүсчээ.  Дараагийн сонгууль болоход нэгхэн жил үлдсэн байхад нийслэл хэмээх том айлыг удирдах хүн ядаж л Ерөнхий сайд,намын даргатайгаа гар нийлж ажилладаг хүн байх шаардлагатай юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ