500 сая орчим төгрөгийн хар тамхийг АНУ-аас илгээмжээр авчирчээ

Өчигдөр цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж 500 саяар үнэлэгдэх их хэмжээний хар тамхи хүлээн авч, тээвэрлэн явсан 19-32 насны гэмтнүүдийг баривчилсан.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас, 19-32 насны нэг эмэгтэй, хоёр эрэгтэй гурван этгээд их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тээвэрлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь илрүүлэн, таслан зогсоож  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн ЭХТА-ийн 20.7.2 мөн 18.5.3-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн саатуулан шалгаж байна.

2019 он гарсанаас хойш Хар тамхитай тэмцэх газар 59 холбогдогчтой, 24 хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа.

Нэгдүгээр сард Гаалийн ерөнхий газрын олон улсын шуудан илгээмжийн газартай хамтран шинэ төрлийн урсгал шуудан илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж байгаа таван хэргийг илрүүлэн таслан зогсоосон.

Шинэ төрлийн урсгал буюу шуудан илгээмжээр хар тамхи мансууруулах бодис хүлээн авч байгаа нь хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг этгээдүүдийн үйлдлийн арга нарийсаж байгааг харуулж байна” хэмээлээ.

Мөн ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар шуудан илгээмжээр хар тамхи, мансууруулах бодис хил нэвтрүүлэхээр завдсан хэргийн талаар тодруулав.

Тэрбээр “2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд улс хоорондын шуудан илгээмж ашиглан их хэмжээний буюу албан бусаар 500 сая орчим төгрөгийн үнийн дүнтэй метамфетамин/мөс/ төрлийн хүчтэй сэтгэцэд нөлөөтэй бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдлаа.

Уг хэргийг Гаалийн ерөнхий газар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран таслан зогсоосон.

Илгээмжийг Монгол Улсын нэр бүхий этгээдүүд АНУ-аас захиалан авсан бөгөөд гаалийн хяналт шалгалтын явцад мансууруулах бодисыг илрүүлсэн. Гаалийн байгууллагын эрх хэмжээний хүрээнд гаалийн хяналтын бүс дотор сэжиг бүхий зүйл илэрвэл холбогдох хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээд харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байдаг.

Энэ тохиолдолд маш их хэмжээний үнийн дүнтэй мансууруулах бодис оруулж ирсэн учраас гаалийн хяналтан дор цагдаагийн байгууллагад хүргүүлэх арга хэмжээ авч ажиллаа. Мөрдөн шалгах ажиллагаа харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад хийгдэж байгаа.

2018 онд улс хоорондын шуудан илгээмж болон гадаад улсад зорчин явсан иргэдийн биедээ авч явсан нийт 15 тохиолдлыг гаалийн байгууллага илрүүлсэн. Эдгээрт холбогдох марихуана, канабис, канабисын тос, экстаси, метамфетамин гэх мэт бодисуудыг илрүүлэн харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлсэн.

2019 он гарсаар таван удаагийн тохиолдлыг илрүүлсэн.2018 онд найман улсаас хар тамхи, мансууруулах бодис оруулж ирэхийг завдсан. Тухайлбал, Герман, Нидерланд, Испани, Их Британи гэх мэт. Шуудангаар хар тамхи, мансууруулах бодис хүлээн авахаар завдсан бүх тохиолдлуудад Монгол Улсын иргэд холбогдож байсан. Он гараад илэрсэн нэг удаагийн тохиолдолд Нигер улсын иргэн холбогдсон” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ