Соёлын биет бус өвийн тухай, Чулуун соёлын тухай үндэсний хөтөлбөрийг баталжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёлын биет бус өвийн тухай, Чулуун соёлын тухай үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталжээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Ё.Баатарбилэг “Соёлын биет бус өвийн тухай асуудал олон жил яригдаж байгаа. ЮНЕСКО-гийн соёлын өвийн бүртгэлд Монгол Улсаас хэд хэдэн өв бүртгэгдсэн байдаг. Биет болон биет бус өвүүдийг хамгаалах хууль хэрэгжиж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 80 орчим зүйл соёлын биет бус  өвд хамаарагдаж байгаа.

Эдгээрийг хамгаалах, цаашид түгээн сурталчлах, аялал жуулчлалд ашиглах зорилгоор 2023 он хүртэл хэрэгжих Соёлын биет бус өвийн тухай үндэсний хөтөлбөрийг баталж байгаа юм.

Чулуун соёлын өв хөтөлбөр бол Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө дурсгалууд, хадны сүг зургууд хамгаалах зорилготой. Эдгээр соёлын дурсгалууд нь байгалийнхаа жамаар болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж устаж, гэмтэх, хулгайд алдагдах байдал сүүлийн жилүүдэд гарч байгаа. Энэ хоёр хөтөлбөрийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжаар санхүүжүүлнэ. Тухайлбал, Чулуун соёлын өвийн тухай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Туркийн Засгийн газрын дэргэдэх ТИКА байгууллагатай хамтарна” гэж хэллээ.

Энэхүү мэдээллийг хийснийхээ дараа сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Энэ хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм бэ?

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24.2 тэрбум төгрөг шаардлагатай. Улсын төсвөөс 2.3, тэрбум, орон нутгийн төсвөөс 275 сая, гадаадын буцалтгүй тусламжаас 20.4 сая, зээл тусламжаас нэг тэрбус, бусад эх үүсвэрээс 200 гаруй сая төгрөг гаргахаар төлөвлөсөн. Хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор манай яам хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө батална. Төлөвлөгөөг хийх ажил нь цаг хугацаа, хүрэх үр дүнтэйгээ батлагдана.

-БСШУС-ын төрийн нарийн бичгийн даргатай хэлтсийн дарга нар нь хамтарч ажиллаж чадахгүй гэсэн. Энэ талаар юу хэлэх вэ?

-Би БСШУС-ын сайдаар томилогдоод удаагүй байна. Ажилтайгаа танилцах уулзалтуудаа хийж байна. Нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох тухай асуудал одоогоор миний нэр дээр орж ирээгүй байна. Өнөөдрийн байдлаар хуулийн дагуу томилогдсон албан тушаалтнууд ажлаа хийж байгаа.

-БСШУС-ын сайдаар томилогдсон хүн бүр ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулдаг. Танд ямар нэгэн төлөвлөсөн зүйл бий юү?

-ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн сүүлийн жилүүдэд хурдацтайгаар нэмэгдэж ирсэн байна. Маш олон хичээлийг заавал үзэх шаардлагатай гэж оруулснаас сурагчдын ачаалал их нэмэгдсэн. Сурагчид өдөр бүр долоон цагаар хичээллээж байна. Хэддүгээр ангийн сурагч өдөрт хэдэн цагаар хичээллэж хэдэн хичээл үзэх ёстой тухай стандарт, олон улсын чиг хандлагыг судалж, ойрын үед танилцуулах үүрэг өгсөн. Цөм хөтөлбөрт өөрчлөлт оруулж сурагчдын ачааллын багасгахгүй бол хүндрэлтэй байна. “Бага ангийн сурагч өглөө 08.00 цагт гэрээсээ гараад 16.00 цагт ирж байна” гэсэн шүүмжлэл эцэг эхчүүдээс ирж байгаа.  2020 он хүртэл бага хугацаа үлдсэн учраас миний хувьд одоогийн явж байгаа Цөм хөтөлбөрийг сайжруулахын төлөө ажиллана. Харин янз бүрийн шинэ санаачилга гаргаж туршилт явуулахгүй

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ