• “Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогт томилогджээ

    2019-02-13

    “Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогт томилогджээ. Уг албан тушаалд ажиллаж байсан Б.Мөнхбаатар БХБ-ын дэд сайдаар томилогдоод удаагүй байгаа. Ц.Түмэнцогтыг Засгийн газраас санал болгож, ТУЗ-өөс томилсон байна.

    Ц.Түмэнцогт 2016 оны есдүгээр сараас хойш “Эрдэнэс монгол” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2018 оны 6 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод байжээ. Үүнээс өмнө тэрбээр 2011-2016 онд Монгол дахь “Женерал электрик”-ийн Гүйцэтгэх захирал, Эрчим хүчний Сайдын Зөвлөх, Эрчим хүч зохицуулалтын комиссийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байв. Цахилгааны инженер, нийтийн удирдлагын мэргэжилтэй. Тэрбээр  Монголын CEO клуб, Монголын бизнесийн зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудын ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг аж.

    “Эрдэнэс Оюутолгой” ХК” нь Оюутолгой ордын эзэмшигч “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн эзэмших эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн 66 хувийг  “Туркойз Хилл Ресурс” ХХК эзэмшдэг. “Туркойз Хилл Ресурс” нь  Монгол улсад зэс, алт болон нүүрсний үйл ажиллагаа явуулж буй олон улсын уул уурхайн компани  бөгөөд  Англи улсад төвтэй, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Рио Тинто уг компанийн 50.8 хувийг  шууд бусаар эзэмшдэг. Рио Тинто 2010 оны 12 дугаар сараас “Оюу толгой” төслийн менежментийг хариуцан ажиллаж байна.

    Г.Саруул

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ