Чонотой андуурч баригдсан нохойг эзэнд нь өгчээ

2019-02-12

Энэ сарын 8-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт чоно орж ирлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирснээр  цагдаагийн алба хаагчид чоныг барьж авч,    Нийслэлийн байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн.Улмаар   МУИС-ийн Биологийн тэнхимээр тодорхойлуулж, чоно биш нохой болохыг нь тогтоогоод байжээ. Олон нийтийн сүлжээнд уг зураг тархсаны дараа Баянзүрх дүүргийн иргэн Б нь өөрийн нохойг таньж, цагдаагийн байгууллагад иржээ. Тиймээс нохойтойгоо авахуулсан зураг, нохой эзнээ таньж байгаа байдал зэргээр нь нохойг эзэнд нь буцаан өгчээ.

 Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга фэйсбүүктээ:

“Хотод чоно орж ирлээ гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас хүлээн авсан амьтныг МУИС-ын Биологийн тэнхмээр тодорхойлуулав. Өнгө зүсээрээ чонотой төстэй боловч толгой, хоншоор, нүдний өнгө, сарвуу зэргийг үндэслэн нохой болохыг тодорхойлсон байна.

Энэ явцад БЗД-ийн иргэн Б-ийн зүгээс 2018 оны 9 дүгээр сард алдсан нохойн зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдсаны дагуу манай байгууллагад хандсан юм. Нохойтойгоо авахуулсан зураг, нохойны эзнээ таньж буй байдал, бичгээр гаргасан хүсэлт зэргийг нь үндэслэн сая хүлээлгэн өглөө. Энэ дашрамд энгийн иргэд ялгахад бэрх нөхцөлд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дуудлага өгсөн иргэн, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн цагдаагийн албан хаагчдад талархал илэрхийлье. Ижил төрлийн дуудлага бүрд шуурхай ажиллаж амьтан хамгааллын ажлыг явуулж байх болно” хэмээн бичжээ.

Энэ  явдал сошиал сүлжээнд олон нийтийн инээдийг хүргэж байгаа бололтой, сошиалд “ха ха” эмож олныг авчээ.

Г.Сондор

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ