• Б.Авид:Нүүрснээс утаагүй түлш, нийлэг хий гарган авах технологид их хэмжээний хөрөнгө оруулалт шаардана

    2019-02-12

    “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас  инноваци, үйлдвэрлэл эрдэмтэд, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.  Энэ үеэр “Нүүрснээс утаагүй түлш, нийлэг хий гарган авах технологи” сэдвээр илтгэл тавьсан академич Б.Авидтай ярилцлаа.

    -Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

    -Миний бие химийн инженер мэргэжилтэй, 1993 оноос хойш нүүрс болон шатах ашигт малтмал судалж байна. Манай орон эл байгалийн баялагаар баян төдийгүй үүнд нүүрс, шатдаг занар, газрын тос зэрэг багтдаг бөгөөд одоог хүртэл судалсаар байна. Одоогоор “Шинжлэх ухаан”-ы академийн эрдэмтэн, нарийн бичгий даргаар ажиллаж байна.

    -Таны судалгааны ажлыг төр засаг, хувийн хэвшлийн байгууллага хэрхэн дэмжиж байна вэ?

    -Энэ том төслүүдийг хувийн хэвшил хийх ёстой, хийж ч байгаа. 2012, 2013 онд “MSC” компани Багануур дүүрэгт нүүрс боловсруулж түлш гаргах ТЭЗҮ хийсэн. Мөн “Монголын алт” компани “Адуун чулуу”-ны орд дээр нүүрс, хиймийн аж үйлдвэрийг хөгжүүлэх ТЭЗҮ хийсэн байдаг. Энэ үйл ажиллагаанд миний бие бусад эрдэмтэдтэй хамтран ажилласан. Тиймээс эрдэмтэд ажлаа хийсээр байна. Харин хувийн хэвшил санхүүгээр дэмжиж, төр зохион байгуулах л шаардлагатай юм.

    -Таны санаачилсан нүүрснээс гаргасан утаагүй түлш хэрэглээнд гарвал утаа хэд дахин багасах вэ?

    -Тэгэхлээр түүхий нүүрсийг боловсруулснаар дийлэнх хортой элемэнтүүд нь үгүй болно. Иймээс түлшний чанар ихсэж хэрэглээ багасна.  Иймд хамгийн энгийнээр хэлэхэд хорт утаа хоёр дахин  буурна.

    -Таны эрдмийн ажлын нэг хэсэг болох нийлэг хий гэж юу вэ, үүнийг юунд ашиглах боломжтой вэ?

    -Энэ нь нүүрстөрөгчийн дутуу исэл ба устөрөгчийн хольц юм. Эл хий нь олон төрлийн үр ашигтай төдийгүй төрөл бүрийн зүйлд ашиглах боломжтой хий юм. Жишээлбэл эрчим хүч гарган авах, шингэн түлш хийх, хуванцар, пластмас гарган авах гэх мэт нийлэг хийгээр маш олон зүйлд ашиглах боломжтой бүх салбарт ашигладаг зүйл юм. Уг хий нь нь хиймийн үйлвэрийн гол түүхий эд, үүнийг гарган авснаар манай оронд байхгүй хиймийн аж үйлдвэрийг өргөн хөгжүүлэх бололцоотой юм.

    -Таны эрдмийн ажлын үр дүн хэзээ нийтийн хүртээл болох вэ?

    -Ер нь Монголд утаагүй түлш гаргаад эхэлчихлээ, дараа жил гэхэд чамгүй үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Миний өнөөдрийн танилцуулсан эрдмийн ажилд их хэмжээний хөрөнгө оруулалт, маш нарийн судалгаа, цаг хугацаа шаардсан ажил тул тодорхой үр дүнгээ өгөхөд 5-10 жил шаардлагатай.

    -Таны ажлыг “Эрдэнэс-Таван толгой” компани хэр дэмжиж байна вэ?

    -“Эрдэнэс Таван толгой” компани “Монголын эрдэмтдийн зөвлөл”-тэй гэрээ байгуулаад байна. Уг гэрээний хүрээнд тодорхой ажлууд явагдах нь дамжиггүй. Цаашид эрдэмтэд бид бүхиний үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдэг найдаж байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ