• Х.Нямбаатар: Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа удаа дараа шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, одоо ч нөлөөлсөөр байна

    Нийслэлийн МАН-ын хорооны Дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон Баянзүрх дүүргийн намын хорооны удирдах албан тушаалтнууд /2019.02.12/ хэвлэлийн хурал хийлээ.

    Тэд 2016 оны Орон нутгийн сонгуулиас хойш Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргааны улмаас бүрдээгүй, Засаг дарга нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн бөгөөд үүнээс үүдэн төсөв хөрөнгө батлах, бүтээн байгуулалт болон бусад ажил гацаанд байгааг онцоллоо.

    2016 оны Орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт АН-аас нэр дэвшигчид мөнгө, эд зүйлс тараасан нь нотлогдож, улмаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайг нь тогтоосон аж.

    Гурван шатны шүүхээр уг асуудал явсаар өнөөдөртэй золгоход тодорхой шийдэлд хүрээгүйгээр барахгүй тус дүүргийн 10, 19 дүгээр хороо үндсэндээ төлөөлөлгүй гурван жил гаруйн хугацаанд явж иржээ.

    Эцэст нь Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэг шийдвэрээ удаа дараа гаргаж эрх зүйн орчныг зөрчсөн гэнэ.

    Тиймээс Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороо буюу хоёр тойрогт дахин сонгууль явуулж маргаан таслах шийдвэр гаргажээ.

    Гэтэл дахин сонгуульд оролцох ёстой АН-ын нэр дэвшигчид материалаа бүрдүүлж өгөхгүй дахин дахин шүүхээр заргалдсаар ийнхүү урт хугацааг өнгөрөөсөн байна.

    Яагаад ийнхүү шүүхийн шийдвэрийг үл хүндлэн дахин дахин зарга үүсгэж, сонгууль явуулах нөхцөл бүрдүүлж өгөхгүй байгаа юм гэх асуулт дагалдаж байгаа аж.

    Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Тус тойрогт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү өрсөлдөхдөө мөнгө эд зүйлс тараасан. Тиймээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа удаа дараа шүүхийн шийдвэрт нөлөөлж, одоо ч нөлөөлсөөр байна” гэж мэдэгдлээ.

    Тус маргааныг шийдвэрлэх хурал Улсын Дээд Шүүхэд маргааш болох юм байна. Тиймээс ахиад шүүхийн шийдвэрт бүү нөлөөлөөсэй. Баянзүрх дүүргийн дээрх хоёр хорооны иргэп төрд төлөөлөлгүй, дүүргийн ажил бүхэлдээ гацаатай байгааг бодолцооч хэмээсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ