• УИХ-д долоон гишүүнтэй нам Зөвлөл байгуулна гэсэн заалт хуульд байхгүй

    2019-02-12

    УИХ-д АН бүлэггүй болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа хэвлэлд ярилцлага өгөхдөө  АН УИХ-д Зөвлөлийн статустайгаар ажиллана гэжээ. Мөн УИХ-ын гишүүн Л.Болдын  АН-аас гарах хүсэлтийг биелүүлэн УИХ-д албан ёсоор бүлгээ татан буулгах саналаа хүргүүлнэ гэжээ.

    УИХ-ын тухай хуулийн 26.1-д “Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно” гэж заасан.

    Тэгвэл АН яагаад ийм байдалд хүрэв, тус намын 7 гишүүн Зөвлөлийн статустай ажиллах боломж бий юу, урд өмнө ийм тохиолдол байгаа юу гэдгийг авч үзэх ёстой.

    МАНАН-тай сүлбэлдсэн удирдлагаасаа болоод АН УИХ-д бүлэггүй болсон. Click To Tweet УИХ-ын намрын чуулганаар даргыгаа огцруулах эсэхүл чөлөөлөхийн төлөөх тэмцэл өрнөсөн. Энэхүү тэмцлийн дундуур АН УИХ дахь бүлгээсээ хоёр гишүүнээ алдсан.

    У.Хүрэлсхийн Засгийн газрыг огцруулах тухай АН-ын улстөрийн Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг сөрж, Засгийн талд кнопдсон хэргээр тус нам Ж.Батзанданг намынхаа гишүүнээс хассан бол Л.Болд, Д.Мурат нарын ирэх сонгуульд нэр дэвших эрхийг хасан шийтгээд байна. Энэ уг нь хууль зөрчсөн шийдвэр. УИХ-ын тухай хуулийн 27.4-д “Бүлэг Улсын Их Хурлын бүтцийн хувьд эрхлэх ажлаа намын дээд, төв, гүйцэтгэх байгууллагын өмнө шууд хариуцахгүй гэсэн байдаг.

    Энэ шийдвэрийг Л.Болд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Ж.Батзандангийн хамт АН болон бүлгээсээ  гарахаар шийдсэн. Тэрбээр “Ж.Батзандан бид хоёр яг адилхан үйлдэл гаргасан байхад намайг үлдээж доромжилж байна” гэсэн.  АН үнэн хэрэгтээ 2018 оны 12 дугаар сарын эхээр АН  бүлэггүй болсон гэсэн үг.

    Гэвч суудлаасаа буухгүй хэмээн зууралдсан УИХ-ын дарга асан М.Энхболдод хэрэгтэй байсан учраас  Л.Болдын шийдвэрийг УИХ авч хэлэлцэлгүй энэ оны эхний сарыг дуусгасан. Харин намрын чуулганы сүүлчээр АН УИХ-д бүлэггүй болсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн. Үүнийг З.Нарантуяа гишүүн ч хэлсэн хэрэг. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн хэлсэнчлэн бүлэггүй болсон АН УИХ-д Зөвлөлийн статусаар ажиллах хууль, эрх зүйн боломжгүй Click To Tweet. Өмнө нь Зөвлөлийн статусаар ажиллаж байсан түүх бий юу гэвэл бий.

    2004 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан “Эх орон-ардчилал” эвсэл задрах үед АН Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг огцруулахгүйн тулд МАН-ын  37 гишүүнтэй бүлэгт  АН-ын 25 гишүүн нэгдэн  62-ийн буюу “Бүдүүн бүлэг” гээчийг байгуулан АН-ын дарга Р.Гончигдорж тус бүлгийн дарга болж байсан.  Удалгүй АН-ынхан МАН-ын бүлгээс хөөгдөж, Зөвлөл байгуулан ажиллаж байв.Тухайн үеийн АН-ын 25 гишүүн  уг нь бүлгийн статусаар ажиллах ёстой. Гэвч эвсэл,МАН дамжсаар бүлгээрээ ажиллах эрх зүйн орчингүй болсон тул арга буюу зөвлөл байгуулсан хэрэг. Харин энэ удаа  АН  УИХ-д  дөнгөж долоон гишүүнтэй учраас  Зөвлөлийн статус олж авах боломжгүй. Тэгээд ч хуульд УИХ-д долоон гишүүнтэй намд Зөвлөлийн статус олгоно гэсэн заалт байхгүй.

    АН-ын бүлэг задарснаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслөөр завсарлага авах, байр сууриа нэгтэн оролцох зэрэг бүлгийн эдлэх эрхүүд хязгаарлагдаж байгаа юм. Click To Tweet

    Г.Самбаа 

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ