• Челси бут ниргүүллээ

    Урьд шөнө Английн Премьер лигийн 26-р тойргийн тоглолт “Манчестер Сити” болон “Челси” багуудын хооронд боллоо.

    Уг тоглолтын гараанд:

    Манчестер Сити: Эдерсон, Лапорт, Стоунс, Уолкер, Зинченко, де Брюйне (Марез, 68), Фернандиньо (Давид Сильва, 75), Бернардо Силва, Гундоган, Стерлинг, Агуэро (Габриэл Жезус, 65).
    Челси: Аррисабалага, Рудигер, Алонсо (Эмерсон, 73), Аспиликуэта, Давид Луис, Баркли (Ковачич, 52), Жоржиньо, Педро (Лофтус-Чик, 65), Канте, Азар, Игуаин нар ногоон талбайд гарса бол,  Жоржиньо (60 дахь минут), Алонсо (69 дахь минут), Гундоган (77 дахь минутад) тус тус шар хуудсаар торгуулав.

    Тус тоглолтод өнгөрсөн жилийн аваргууд нийслэлийн багийг 6:0 гэсэн дүнгээр шүүрдсэн бөгөөд тоглолт эхлээд ердөө дөрөвхөн минут өнгөрөх мөчид Рахим Стерлинг гоолдож оноог нээв. Улмаар 13, 19, 56 дахь минутад Аргентины шилдэг довтлогч Серхио Агуэро өрсөлдөгчийнхөө хаалганд гурван гоол хийж цэнхэрүүдийг хөгжөөн дэмжигчдийн хамт хүнд байдалд орууллаа.  Удалгүй Германы шигшээ багийн тоглогч Гундоган тооны харьцааг 5:0 болгосон бол эхний гоолын эзэн Стерлинг дахин гоолдож эцсийн цэгийг тавьлаа.

     “Челси” клуб нь Орос эр Роман Абрамовичийн эзэмшилд очсоноос хойших хамгийн том ялагдлаа хүлээсэн төдийгүй тоглолтын цаг дуусмагц багийн шинэ дасгалжуулагч Итали мэргэжилтэн Мауризио Сарри, “Сити” багийн дасгалжуулагч Гвардиолатай гарч барилгүй цэнгэлдэхээс гарч одов.

    Английн хөлбөмбөгийн лигийн хүснэгтийг  “Манчестер Сити”, “Ливерпүүл” багууд тус тус 65 оноотойгоор тэргүүлж буй бол, “Челси” клуб 50 оноотой хүснэгтийн зургадугаар байранд жагссан хэвээр байна.

     

    П.Бат

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ