• Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч энэ сарын 15-ны дотор чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана

    Самбаа Г

    Самбаа Г

    2019-02-11

    УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтийд явуулах нөхөн сонгуулийг товлосон тогтоолын төслийг УИХ Цагаан сарын өмнө баталсан.

    Тогтоолын төсөлд тусгасны дагуу нөхөн сонгуулийг энэ сарын 10-наас товлон зарлаж ирэх зургадугаар сарын 30-нд санал хураалт явуулахаар болсон.

    Ингэснээр нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг өчигдрөөс эхлэн тооцож эхэллээ.

    Тухайлбал, нөхөн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор буюу энэ сарын 15-ны дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах юм.

    Улмаар нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх учиртай.

    Энэхүү проецссыг Сонгуулийн тухай хуулийн 125.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна” гэж заажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ