•  Их найрагчийн үлдээсэн их ухаарал,их хайрлахуйн утга төгөлдөр захиаснуудаас… 

    gereg

    2019-02-11

    “Би өөрийгөө бүтээлээрээ хангалттай илэрхийлдэг гэж боддог. Миний юу хүсэж, юуг үзэн ядаж, юуг хайрлаж, юунд биширч явсан нь мэдрэгдэх байх аа. Үүнд бол омог бардам явдаг шүү. Өөрөөр хэлбэл үхэхэд бэлэн гэсэн үг” гэж их найрагч Б.Лхагвасүрэн нэгэнтээ хэлжээ. Түүнийг амгалангийн орондоо мордсон энэ өдрүүдэд шүлэг найраг, хэлсэн ярьсныг нь өмнөхөөс ч илүү олон хүн уншиж, ухаарч гэгээрч яваа гэж бодогдоно.

    Бавуугийн Лхагвасүрэн яруу найрагч,соён гэгээрүүлэгч эгэлгүй нэгэн байв. Тэрээр ижий,ааваа хайрлах их хайр, эх орноо хайрлах хайр, ард түмнээ хайрлах хайр, хань ижлээ хайрлах их хайрыг  монголчуудад дуулж, хэзээ ч мартамгүй,бүдгэрэмгүй, дуусашгүй их ухаарал,гэгээрлийг үлдээн Өнжүүлийн хөх талдаа шингэхээр явлаа.

    Эцэг,эхээ хайрлах их хайрын тухай их найрагчийн үлдээсэн үгсээс:

    …[bctt tweet=”Ижий, аав хоёроо элэгдэж мөлийх тутамд би бүтэн болж байсан.” username=””] Тэд маань амьдралын дутуу, амьтны ааш араншин, хорвоогийн хатууд элэгдээгүй. Намайг л гэсээр яваад элэгдсэн. Би бол үүсгэгчээ үгүйсгэсээр өндийсөн үгүйсгэгч бодьгал юм.

    Би атаархал багатай хүн шиг байгаа юм. Харин ижийгээ нас барснаас хойш ганцхан үгэнд атаархаж өдий болсон. Хажууд хүүхэд “Ээжээ” гэж часхийтэл хэлэх, хажууд хөгшин хүн ээждээ очно гэж ярих. Би энд үхтлээ атаархдаг. Дотор хачин болоод л явчихна, үгүй мөн хэцүү шүү. “Ааваа” гэж дуудаж байгаа нь их сайхан мөртлөө аймаар шүү дээ. Хүнд буудаг. Өөр юманд атаархаж байснаа санахгүй юм. “Ээжээ” гэдэг үгийг хэлэхгүй мөн ч удлаа шүү дээ.

    …Би Дамбийжаагийн тухай кино үзээд, дараа нь нэлээд хэдэн хүнтэй муудсан. Дамбийжаа буудуулаад үхэхдээ “Энэ чинь зүүд үү” гэдэг. Тэгж үхдэг монгол хүн байхгүй. Ижийгээ л дуудна шүү дээ.Сайхан номтой лам бол “Ээ Аръяавал минь” гэж магадгүй.

    …Хүнийг хайрлах ёстой хүн бол эцэг. Хайрыг үр хүүхдээсээ нэхэгч биш, өөрөөсөө нэрэгч байх ёстой гэж  би  боддог. Үр хүүхдээсээ авахгүй авлага гэж байна. Тэр бол хайр. [bctt tweet=”Үр хүүхдийнхээ төлөө сэтгэлээ чилээхгүй явдаг эцэг эх ховор ш дээ. Хүн бүхэн агуу амьдарч бүтээж чаддаггүй ч сайн эцэг, эх байх ёстой.” username=””]
    …Ижий гэж тэр их баян өмч гэгээн судрын хажууд хүн бол жинхэнэ шоо шиг тэгш явж болохоор шүү дээ. Гэтэл одоо ижийгээ хайрлах гэдэг юм сэтгэлээс аар саархан газар холддог юм биш байгаа даа. Ижийгээ хайрлаагүй олон муухай сураг сонсогдох болж. Тэгэхээр ижийгээ хайрлаж чадахгүй байна гэдэг бол бид чинь энэ зууныг, энэ орныг ч хайрлаж чадахгүй болж байгаагийн шинж юм болов уу даа. Ижийдээ хүмүүс улам их хайртай болоосой  гэж залбирдаг.

    Эмэгтэй хүнийг, ханиа хайрлах тухай их найрагчийн үлдээсэн үгсээс:

    …Эмэгтэй хүний ховорхон нандин нулимс ямар хэцүү гэж санана. Эхийн нулимс тэр тусмаа ямар үнэтэй билээ. Би “Зовсон сүү”-ндээ “Хамгийн тэнэг хүн эхийнхээ нулимсаар хирээ угаадаг“ гэж бичсэн. Хүнийг мэлмэртэл нь уйлуулаад, “За боль” гээд хараад сууж болохгүй. Эр хүн битгий тэгээсэй.Эмэгтэй хүн бол их зөөлөн байх хэрэгтэй. [bctt tweet=”Эмэгтэй хүнд зөөлөн ааль зохидог юм шүү. Эмэгтэй хүн ерөөсөө бурхны намираад байгаа мутраас гарсан шиг санагддаг.” username=””] Бурхны мутрыг харахад намираад байгаа мэт харагддаг. Тийм л амьтад байдаг болов уу.

    …Би ижийтэй ханьтай, охидтой учраас эмэгтэй хүний тухай их боддог. Эмэгтэй хүнийг хайрлаад байвал өнгө ордог. Хайрлаад байвал ухаан суудаг амьтан. Үгэнд их эмзэглэнэ. Нэг сайхан үг сонссон эмэгтэй хүн өдөр байтугай сардаа баясгалантай явдаг юм байна л гэж боддог. Би хоёр охиндоо зориулж шүлэг бичсэн юм. “Эр хүнийг хайрлаж яваарай” гэж. “Эмээл дээр ургасан уул атлаа элгэнд чинь багтсан толгод эр хүнийг хайрлаж яваарай” гэж. Эмэгтэй хүн гайхамшигтай шинж чанартай. Умай дотор нь тархи бүрэлддэг гээд бод доо, та нар. Эйнштейн, Ленин, Чингэс хэн байдаг юм бүгд эхийн умайд бүрэлдсэн.Ямар ч шинжлэх ухаан хөгжөөд, тархи бүрэлддэг үйлдвэр бий болохыг дэлхий үзэхгүй. Хүн төрөлхтний түүх амсахгүй. Эх хүний цээжнээс сүү гарна. Тэгэхээр чинь хайрлахаас биш яах юм бэ.

    Төрөө хүндэтгэх тухай их найрагчийн хэлсэн үгсээс:

    …Төрийг муу хэлэхэд би маш дургүй.Төр бол хоосон чанар. Та нар төр гуай Сүхбаатарын талбай дээр явахыг үзсэн үү. Элбэгдорж гуай л явж байгаа. Төр гэдэг бол хоосон чанар, төрийг түшиж байгаа түшмэдүүд мөн чанар шүү. [bctt tweet=”Төрийг муутгаж байгаа түшмэдийг л буруутга. Монголын төрт ёсонд бол Төр чинь өөрөө өгөгдсөн агуу ариун зүйл.” username=””]Болохгүй бүтэхгүй юманд байхгүй төрийг зүхэх юм. Байж байгаа тэнэгүүдээ зүх л дээ.

    …Төрийн дээр нам байхад би дургүй. “Биеийг идэх өт биен дотроос гардаг, төрийг идэх өт түшмэл дотроос гардаг” гэж миний жүжгэн дотор байгаа. Ингээд хэлчихсэн болохоороо би юугаа ярьж суух вэ дээ. Төр гэдэг бол хоосон чанар, байхгүй зүйл. Хүн л үүнийг буй болгон шүтэж, бүтээж ирсэн. Энэ төр юм хийдэг, мэддэг, чаддаг хүмүүсийн гарт байгаасай гэж өглөө болгон залибирах юм. Тэгвэл би дор нь яаж ч оршиж болохоор байна.

    ….“Таны төрж өссөн Баян-Өнжүүл жилийн өдийд ямархуу байдаг вэ”  гэж сэтгүүлч нэгэнтээ асуухад  “Ай тэр сайхан нутаг даа. Тэр бол газрын диваажин. Уултай, улаан улаан асгатай. Би их сайхан газар оногдож төрсөн хүн. Тэр нутагт очиход би дандаа багадаж байдаг. Би тэнд өчүүхэн жижигхэн болдог. Би тэнд л хамгаас илүү хайртай” гэж хэлжээ. Аавынхаа тухай бичсэн “Нулимстай дурсамж” өгүүлэлдээ “Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг “Алтан өлгий”-д алдараа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно. Аавдаа ойрхон очно” гэжээ. Бас “Үхэл миний ижийдээ очих томилолт” гэж хэлсэн.

    Аав,ээжээ хайрлахын гайхамшгийг зүрхэнд үлдээж, хэн ч хазайж бултаж чадахгүй хорвоогийн жам-үхлийг “ижийдээ очих томилолт” гэж ийм гэгээн сайхнаар зүйрлэн хэлсэн их найрагчийн үхэл хүртэл их ухаарлыг үлдээж байгаа мэт санагдана.

    Тиймээ, эгэлгүй,энгүй  их найрагч та хайртай аав,ижийдээ ойр, төрсөн нутаг Өнжүүлийнхээ  хөх чулууны нэгэн хэлтэрхий болохоор явлаа.  Таны их ухаарал, их хайрлахуйн утга төгөлдөр захиасыг үр хойч нь санаж явнаа.

    Г.Саруул

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    0 cэтгэгдэлтэй

    × You need to log in to enter the discussion

    Холбоотой мэдээ